Азийн олон орныг хамарсан хүйтэн агаарын урсгалын улмаас Өмнөд Солонгост халаалт, дулааны хэрэглээ өсч, үүнийгээ дагаад өртөг нь ч нэмэгджээ. Төв халаалтын системд холбогдсон байранд оршин суудаг Ким овогт оюутан залуу гэртээ дулаан байхын тулд майхан барьсан нь үр дүнгээ өгсөн талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Түүний нэгэн адилаар Өмнөд Солонгост халаалтын зардлаа хэмнэхийн тулд хүмүүс төрөл бүрийн бүтээлч аргыг эрэлхийлж эхэлсэн аж. Тухайлбал, цонхоо гялгар уутаар битүүлэх, халуун усны градусыг буулгах зэрэг олон арга хэрэглэж буйгаас гэртээ майхан барьж унтах нь хамгийн үр дүнтэйд тооцогджээ.
Ким овогт халаалтын зардлаа хэмнэхийн тулд өрөөний температураа Цельсийн 15 градуст барьж, унтлагын өрөөндөө майхан барьж амьдрах болсон аж. Ялангуяа, агаар нэвтрүүлдэггүй майхны эрэлт нэмэгдсэн бөгөөд хамгийн хямд нь 25 мянган воноор зарагдах болжээ.
Өмнөд Солонгост халаалтын зардал өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сартай харьцуулахад бараг 50 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс хэрэглэгчид халуун усны температурыг Цельсийн 60 градусаас 40 болгож бууруулснаар тодорхой хувиар хэрэглээгээ хэмнэсэн гэнэ. Мөн цонхнуудад тусгаарлагч хөшиг, соронзон хальс, гялгар уут нааж ашиглах нь хүйтэн агаар оруулахгүй байх эртнээс хэрэглэж ирсэн аргуудыг ч хэрэгжүүлжээ.
Өмнөд Солонгос улс өнгөрсөн жил 56.7 тэрбум ам.долларын шингэрүүлсэн хий импортолжээ. Энэ нь 1956 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон. Байгалийн хийн үнэ өнгөрсөн жил 2021 оноос 38.4 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл Өмнөд Солонгос улс нь эрчим хүчний хэрэглээний 93 гаруй хувийг импортоор хангадаг. "Korea Gas Corp" өнгөрсөн жил 8.8 их наяд воны алдагдалтай ажилласан бол эрчим хүчний сүлжээ компани нь 34 их наяд воны алдагдал хүлээсэн байна. Тиймээс Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас эрчим хүчний үнийг энэ онд 1.5-1.9 дахин нэмэгдүүлжээ.
Холбоотой мэдээ