“Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” төслийг хэрэгжүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

“Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” төслийг хэрэгжүүллээ

“Монголын Эдийн засгийн шинжилгээ судалгааны төв” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага (НҮТББ)-аас 2022-2023 оны хичээлийн жилд Канад сангийн санхүүжилтээр “Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” төслийг МУИС-ийн Завхан сургууль дээр амжилттай хэрэгжүүллээ.

 

 

 

 

Төслийн нээлт 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр болж, Завхан сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оюутнуудад нийгмийн эгэх хариуцлага хэмээх ойлголтыг танилцуулсан сургалтыг зохион байгуулсан юм.

2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр тус оюутнуудад нийгмийн эгэх хариуцлагын санаачилга, шилдэг санаачлагыг шалгаруулах хамгийн үр дүнтэй арга болох Хакатоны талаар танилцуулах уулзалт зохион байгуулсан.

Энэхүү арга хэмжээний зорилго нь оюутнууд бие даан нийгмийн эгэх хариуцлагын санаачилга хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал байсан юм.

Тус уулзалтад 2019-2020 оны хичээлийн жилд хамгийн үр дүнтэй нийгмийн эгэх хариуцлагын санаачилга хэрэгжүүлж, үндэсний ялагч болсон Дорнод их сургуулийн (тухайн үеийн нэрээр) "Оюунтан" багийн төлөөлөл Дорнод аймгаас хүрэлцэн ирж өөрсдийн үнэтэй туршлагаа хуваалцан, оюутнуудад зөвлөгөө өгсөн.

2022 оны аравдугаар сарын 29-ний өдөр Завхан сургуулийн I-IV түвшний оюутнуудын найман багийн дунд зохион байгуулагдсан Хакатоноос хог хаягдлыг бууруулж, ангилан ялгах, дахин ашиглалтыг дэмжих зорилго дэвшүүлсэн М.Досмаа, Р.Болормаа, Ж.Цэрэннадмид гэсэн оюутнуудын бүрэлдэхүүнтэй “Эко” болон Г.Дагийжанчив, Ш.Өлзийжаргал, Д.Хажидмаа нарын бүрэлдэхүүнтэй “No Waste” багууд, жирэмсэн эмэгтэйчүүдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилго бүхий Б.Чанцалдулам, Б.Оюунжаргал, Ч.Амарболд нарын “Цүндээлэй Цондоолой” баг тус тус шалгарч анх удаа бие даан нийгмийн эгэх хариуцлагын санаачилга хэрэгжүүлэхээр болсон юм.

 

‘“Эко” болон “No Waste” багууд хамтран Өлзийт багийн нутаг дэвсгэрт байх үүсмэл хогийн цэгийг арилгах, дахин үүсгэхгүйн тулд ойр орчмыг камержуулах, оюутан залуус болон сурагчдын дунд дахивар хог хаягдал ашиглан бүтээл хийх уралдаан зарлах, нөлөөллийн аян өрнүүлэхээр зорьсон бол “Цүндээлэй Цондоолой” баг аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөхийн өмнөх өрөөний тохижилтыг сайжруулж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах, сургалтын өрөөний тохижилт, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлж ирээдүйн ээж, аавуудын эрүүл мэндийн боловсролыг дэмжихээр төлөвлөсөн.

Төслийн шилдэг гурван баг 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хамтран ажиллах байгууллагуудын удирдлагатай албан уулзалт хийсэн нь оюутнуудын хувьд чухал үйл явдал байлаа. Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмч А.Болормаа, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Г.Ганчимэг нартэй уулзсан уулзалтын үеэр эмнэлгийн удирдлагын зүгээс сургалтын өрөөний засварыг хариуцаж, жирэмсэн эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд зориулсан сургалтыг илүү чанар, хүртээмжтэйгээр зохион байгуулахаа илэрхийлсэн юм. Улиастай сумын Засаг дарга, хотын захирагч Ч.Наранбат, Хот тохижилт, үйлчилгээний албаны менежер Т.Мөнхбат, Байгаль орчны улсын байцаагч Б.Саруул нартай хийсэн албан уулзалтын үеэр Засаг даргаас 2023 оноос эхлэн Улиастай сум даяар бүх нийтийн цэвэрлэгээний өдөртэй болгох захирамж гаргахаар болсон. Эдгээр хариу үйлдэл, шийдвэрүүд нь манай оюутнуудын санаачлагын тогтвортой байдлыг хангахад чухал алхам болоод зогсохгүй нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Ийнхүү 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сарыг дуустал хугацаанд хэрэгжсэн нийгмийн эгэх хариуцлагын санаачилгууд зорьсон үр дүндээ амжилттай хүрлээ. “Цүндээлэй Цондоолой” баг нэгдсэн эмнэлгийн төрөхийн өмнөх өрөөний тохижилтыг сайжруулж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй, сургалтын өрөөний тохижилт, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлж ирээдүйн ээж, аавуудын эрүүл мэндийн боловсролыг дэмжсэн юм. Тодруулбал, дутуу төрсөн нярайд зориулсан имж ороолт, иогийн гудас болон бөмбөг, "жирэмсэн" аавын сургалтаар хэрэглэх төрөх үеийн өвдөлт мэдрүүлэх аппарат, сургалтын самбар зэргийг төрөх тасагт, төрөхийн өмнөх өрөөнд хэрэглэх халаагчийг мөн хүлээлгэн өглөө. Эмнэлгийн зүгээс сургалтын өрөөний засварыг гүйцэтгэж, долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригт жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулахаар төлөвлөгөө боловсруулсан байна.

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Д.Уранбилэг, эх баригч О.Нарантуяа, Б.Цэнд-Аюуш зэрэг эмч, ажилтнуудын төлөөлөл Завхан сургуулийн оюутнуудын хэрэгжүүлсэн нийгмийн эгэх хариуцлагын санаачлагын үр дүнг өндрөөр үнэлж талархахын сацуу төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангахаа илэрхийлж байсан юм.

"Эко" болон "No waste" багууд иргэдийн дунд бүтээлийн уралдаан, Хот тохижилт, үйлчилгээний албатай хамтран хог хаягдлыг бууруулах тухай сургалт зохион байгуулжээ. Хог хаягдлыг зориулалтын бус газар ил задгай, хараа хяналтгүй хаяж үүсмэл хогийн цэг бий болгох, хогийн цэгийг зохисгүй ашиглах байдлыг таслан зогсоохын тулд зорилтот талбайг камержуулсан төдийгүй тамхины иш хаях зориулалтын хогийн савыг Хот тохижилт, үйлчилгээний албанд хүлээлгэн өгөв. Улиастай сумын Засаг дарга улирал бүр сум даяар бүх нийтийн цэвэрлэгээний өдөртэй болох захирамжийг 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр гаргаснаар манай оюутнуудын санаачлагын тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдсэн юм.

Завхан сургуулийн оюунлаг оюутан залуус Канад сангийн санхүүжилттэй хэрэгжсэн “Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” төсөлд оролцсоноор залуус сайн дураар нэгдэн, өөрийн орон нутагт хамгийн тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, түүнийгээ шийдвэрлэхээр хамтран ажиллаж, төр иргэнээ сонсон нийгмийн эгэх хариуцлага бэхжих үйл явцад эерэгээр нөлөөлж бодит үр дүнд хүрэх боломжтой гэдгийг ойлгож, манлайллын ур чадвараа ахиулан, нийгмийн хариуцлагатай гишүүд болсон билээ.

Төслийг хэрэгжүүлэгч “Монголын Эдийн засгийн шинжилгээ судалгааны төв” НҮТББ-ын зүгээс манай төслийг санхүүжүүлсэн Канад сан, Канадын Элчин сайдын яам, хамтран ажилласан Улиастай сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижилт үйлчилгээний алба, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, МУИС-ийн Завхан сургууль, өөрсдийн амьдарч буй орчин, нийгэмдээ тулгамдсан асуудлыг олж харж, шийдлийг нь төсөл болгон хэрэгжүүлж орон нутгийнхаа тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан, цаашид ч оруулсаар байх оюутан залуусдаа маш их талархсанаа энэ дашрамд илэрхийлье.

Канад сангийн Орон нутгийн санаачилга (КСОНС) нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй хөгжиж буй улсад хэрэгжиж байна. Канад улсын албан ёсны Хөгжлийн туслалцааны жагсаалтад Монгол Улс 1997 оны дөрөвдүгээр сард орсноос хойш Канад сан Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш Монгол Улсад 420 гаруй жижиг дунд хэмжээний төслүүдийг санхүүжүүлсэн ба тэдгээр нь 21 аймаг, сумдууд болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн захаар амьдардаг нийгмийн хамгийн их хэрэгцээтэй бүлгүүдэд чиглэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж