"Миний замналын хамгийн үнэ цэнтэй, эрхэм шагнал байлаа"

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

"Миний замналын хамгийн үнэ цэнтэй, эрхэм шагнал байлаа"

"Миний замналын хамгийн үнэ цэнтэй, эрхэм шагнал байлаа"

Өдгөө 35 настай Сербийн теннисчин Новак Жокович 2023 оны Австралийн нээлттэй тэмцээний шувтаргын тоглолтод Грекийн тамирчин Стефанос Циципасыг 6:3, 7:6, 7:6 -ийн харьцаатай хожиж тус тэмцээний арав дахь түрүүгээ хүртлээ. Тэрбээр 2022 онд Австралийн нээлттэй тэмцээн болон Америкийн нээлттэй тэмцээн зэрэг хоёр Их дуулгад Covid-19-ийн вакцин хийлгээгүй учир оролцож чадаагүй. Жоковичийн хувьд 2022 оны долдугаар сард зохиогдсон Уимблдоны Их дуулгаас хойших анхны Их дуулгадаа оролцсон нь энэ тэмцээн байсан бөгөөд бүдүүн гуяны бэртэлтэй байсан хэдий ч түрүү авч чадлаа. Нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн туршид үргэлжилсэн энэхүү тэмцээний үеэр Жокович гэмтлийн улмаас тоглолтгүй өдрүүдээрээ ямар нэгэн бэлтгэл хийхгүй, зөвхөн сунгалтын дасгалууд хийж байв. Түүний энэ удаагийн цом нь Их дуулгын 22 дахь цом бөгөөд эрэгтэй теннисчдээс хамгийн олон Их дуулгатай гэх амжилтыг эзэмшиж байсан Испанийн Рафаэль Надальтай ийнхүү зэрэгцэж ирэв.

2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн эрэгтэй теннисчдийн шинэчилсэн чансаагаар Новак Жокович тавдугаар байраас нэгдүгээр байрт дэвшиж байна. Шагналын цом болон 2.9 сая австрали долларын чекээ гардаж авах үедээ Жокович хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд болсон бүх үйл явдал, нөхцөл байдлыг тооцож үзэхэд энэ удаагийн ялалтын цом нь миний замналын хамгийн үнэ цэнтэй, эрхэм шагнал байлаа” гэв. Тоглолт дуусаад шагнал гардуулах ажиллагаа эхлэхийн өмнө тэрбээр өөрийн багийн хамт олон болон гэр бүлийнхэнтэйгээ тэврэлдээд ихэр татан уйлж байв.

Залуу теннисчид болон хүүхдүүдэд хандан “Томоор мөрөөд, чиний мөрөөдлийг чамаас өөр хэн ч, юу ч зогсоож чадахгүй. Аливаа хүн хэр их зовлон бэрхшээлийг туулж давж гарах тусам улам илүү хүчтэй болдог гэдгийн жишээ нь би болон Стефанос нар юм” гэв. Шувтаргын тоглолтыг Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез, тэрбумтан Билл Гейтс, Австралийн домогт теннисчид Род Лэйвер, Кен Рөүзуолл зэрэг хүндтэй зочид үзэж сонирхсон байна. Эрэгтэй хосын төрөлд Австралийн Жэйсон Кублер, Ринки Хижиката нар, эмэгтэй хосын төрөлд Чехийн Барбора Крежикова, Катерина Синакова нар тус тус түрүүлэв. Холимог хосын төрөлд Бразилын Луиса Стефани, Рафаэль Матос нар түрүүллээ. Дараагийн Их дуулгын тэмцээн Францын Парис хотноо тавдугаар сарын 28-ны өдөр эхэлнэ.

 

Г.Хантулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж