"Цаг цагт нэг цадна. Цагаан сараар нэг цадна" гэдэг. Сар шинийн баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж, гишүүд ч тойрогтоо ажиллаж байгаа сурагтай. Зарим гишүүд ахмадуудад гарын бэлгээ тарааж, олны шүүмжлэлд өртөж эхэлжээ. Жил бүр цагаан сарын баярын өмнө УИХ-ын гишүүд тойргийнхоо хэдэн ахмадуудад "хишиг" тараадаг. Энэ ч жил бүрийн уламжлал болж тогтсон гэхэд хилсдэхгүй. Зарим ахмадууд нь "Манай гишүүн энэ жил юу өгөх бол" хэмээн ярилцах нь энүүхэнд.
Гарын бэлэг нь аяга, шанага, халуун сав, цаг тооны бичиг гээд улстөрчийн гарын үсэг, өөрийнх нь зурагтай байдаг.
Улстөрчид сонгуулийн болон сонгуулийн бус үеэр иргэдэд гарын бэлэг тараадаг. Заримдаа тэд ажлаа тайлагнаж байгаа нэрийдлээр бэлэг тараана. Ардчилсан нийгэм нь сонгуульд оролцож буй иргэдийн тэгш эрхийг хангах ёстой. Гэтэл өнөөдөр хэн мөнгөтэй эрхэм нь сонгуульд оролцож, ард түмний саналыг худалдан авч байгаагийн илрэл энэ.
Энэ нь ардчилсан нийгмийн сонгох, сонгогдох эрхийг ч гэсэн зөрчиж байгаа юм.
Нөгөө талаасаа сонгогчид ч эдгээр бэлгийг авах сонирхол маш их байна гэдгийг судлаачид хэлж буй. Тиймээс сонгогчдод улстөрчдийн гарын бэлгийг бус мөрийн хөтөлбөрийг нь харж, сонголтоо хийх нь чухал байна. Хүүхдийнхээ ирээдүйг тавагны боов, таван цаасаар худалдахаа больсон цагт бид хөгжих биз.
Өнгөрсөн 2021 онд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барихдаа "Бид Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Иргэдэд боов, эд өлгийн зүйл тараадаг, санал худалдаж авдаг зүйл хавтгайрлаа. Ядуу иргэдэд, ахмадуудад цагаан сараар боов, гурил тараадаг ийм зүйлийг бид хязгаарлахгүй бол болохгүй. Бодлого буруу байна.
Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Энэ хуулийн 48.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ямар нэгэн эд өлгийн зүйлийг тарааж болохгүй” гээд зохицуулалт бий. Одоогийн хуулийн хүрээнд юм тарааж болно гэсэн зохицуулалт байна.
Нэгдүгээрт, хэрэв та УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд өлгийн зүйл тараахгүй. Хэрэв тараасан тохиолдолд та дахин сонгогдох эрхгүй болж, эрүүгийн хариуцлага ногдуулна гэсэн ерөнхий зохицуулалтыг санал болгож байна.
Зөвхөн УИХ-ын гишүүд ч биш шат шатны сонгогддог албан тушаалтнуудад энэ зохицуулалт хамааралтай. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд энэ агуулга хамаарна. Шат шатны сонгуульд санал авах зорилгоор иргэдэд эд өлгийн зүйл тараахгүй гэх зохицуулалтыг хаврын чуулганд оруулна" гэж байв.
Холбоотой мэдээ