Г.Ганзориг: Монгол Улсын гадаад төлөлт харьцангуй тогтворжиж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

Г.Ганзориг: Монгол Улсын гадаад төлөлт харьцангуй тогтворжиж байна

Г.Ганзориг: Монгол Улсын гадаад төлөлт харьцангуй тогтворжиж байна

“Мандал Ассет Менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ганзоригтой ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газар энэ оны эхээр гадаад зах зээлээс 650 сая ам.долларын санхүүжилт татлаа. Ингэснээр энэ онд төлөх “Гэрэгэ”, ирэх онд төлөх “Хуралдай” бондуудын төлбөрийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон. Энэ удаагийн бондын дахин санхүүжилтийн хүү, хугацааны нөхцөлийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Covid-19-ийн үед АНУ их хэмжээгээр мөнгө хэвлэн зах зээлд нийлүүлсэн. Энэ нь тухайн үед хэрэгтэй “эмчилгээ” байсан боловч одоо түүний төлбөрийг инфляциар төлж буй. Тэгэхээр АНУ-ын төв банкнаас тэрхүү инфляцийг дарах зорилготойгоор ам.долларын хүүг өсгөсөн. Өөрөөр хэлбэл, АНУ-ын гаргаж буй бондын хүү нь 4-5 хувьтай болж байгаа хэрэг. Ийнхүү гурван А зэрэглэлтэй, өөрөө ам.доллар хэвлэх эрхтэй улсын хүү ийм болохоор манай улсын гаргасан бондын хүү өмнөх жилүүдээс өндөр гарах нь дамжиггүй. Харин ч өнөөгийн олон улсын эдийн засгийн нөхцөл байдалд маш өндөр дүнтэйгээр мөнгө босгож чадсан гэж бодож байна.

Хугацааны хувьд Монгол Улсын гадаад өр төлөлтийн хуваарийг жил бүр жигд байлгах зорилгоор таван жилийн хугацаатай гаргасан. Ингэснээр нэг жилд манай улсын төлөх гадаад төлөлт харьцангуй тогтвортой болж буй хэрэг.

Шинээр бонд гаргаснаар ойрын 1-2 жил төлөгдөх гадаад өрийн дарамт харьцангуй буурч байна. Энэ нь манай улсын эдийн засгийн төлөв, гаднаас хөрөнгө оруулах сонирхолд хэр нөлөөлөх бол?

– Зарим эдийн засагчид манай улс баталгаатай дампуурлаа гэж ярьж байсныг санаж байна. Хэдэн сарын өмнө “Тийм зүйл болохгүй ээ” гэж өчнөөн хэлсэн.

Ямар ч байсан 23, 24 оны төлөлтүүд дээр ийнхүү ачаалал буурч, Монгол Улс дампуурахгүй гэдгээ харуулж чадлаа. Энэ нь Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг учиргүй нэмэгдүүлээд, эерэг нөлөөлөх нь юу л бол.

Мэдээж сууриараа улс нь дампуурахгүй, гадаад валютын нөөцөд том дарамт болохгүй гээд тодорхой нөлөө бий л дээ. Гэхдээ улсын бонд гэдэг бол нэг ойлголт, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг бас өөр ойлголт. Тэр нь илүү төгрөгийн ханшийн тогвортой байдал, хууль эрх зүйн орчинтой холбоотой. Хэрэв гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэвэл юу юунаас илүү улс төр, нийгмийн тогтвортой орчныг л бий болгох хэрэгтэй.

“ХАМГИЙН МУУ МУУХАЙД БЭЛДЭЖ, ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ЕРӨӨГӨӨД Л СУУХ ЁСТОЙ”

-Монгол Улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны төгсгөлд сэргэж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээнээс гадна түүхий эдийн үнэ 2023 онд өсөх төлөвтэй байна. Энэ нь Монгол Улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан ханшид хэрхэн нөлөөлөх вэ?

-Манай улсын зардаг голлох бүтээгдэхүүнүүдийн үнэ маш өндөр түвшинд байна. Зарим шинжээчид ирэх жилүүдэд улам бүр өснө гэж үзэж буй. Мэдээж энэ бол бидний хувьд маш сайн мэдээ. Манай улсын экспортын орлого өндөр байх нь ээ л гэсэн үг. Цаашлаад төлбөрийн тэнцэл өндөр ашигтай, валютын нөөц нэмэгдэх суурь нөхцөл бүрдэнэ. Гэхдээ үнэ гэдэг бол зөвхөн нэг л хувьсагч.

Бидний хувьд урд хөрштэйгөө зөв харилцаатай, хил гааль гацаагүй байна гэдэг хамгийн чухал. Өнгөрсөн хугацаанд манай экспорт хангалттай түвшинд хүрч чадахгүй байсан цорын ганц шалтгаан бол хилийн гацаа. Олон улсын захад нүүрсний үнэ өндөр байсан ч бид хангалттай экспорт хийж чадаагүй. Тэгэхээр үүн дээр төр, засаг онцгой анхаарах ёстой.

Түүнчлэн ирэх онуудад нэгэн өөрчлөлт орж буй нь “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт дуусч буйтай холбоотойгоор дотоодын валютын урсгалд өөрчлөлт орно. Үүнийг бас тооцож харах хэрэгтэй болж байна. Тэгэхээр олон улсын зах зээл дээр таваарын үнэ өсөх дан ганц нөлөөлөгч хүчин зүйл биш шүү.  

-Экспортын эерэг хүлээлт, өрийн дахин санхүүжилт зэргээс хамааран 2023 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн экспортын орлого дээр би тийм ч эерэг хүлээлттэй биш байна. Өөр олон хүчин зүйл бий. Мөн өрийн дахин санхүүжилт нь эдийн засагт ямар ч шинэ мөнгө авч ирээгүй. Хамгийн эхэнд би АНУ-ын нөхцөл байдлын тухай ярьж байсан. Манайх үүнтэй яг адил нөхцөл байдалд байна. Инфляци өндөр түвшинд, ам.долларын ханш төгрөгийн эсрэг 20 гаруй хувь чангарлаа. Үүний үр дүнд Монголбанк хүүг өсгөхөөс өөр замгүйд хүрч байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний хумих бодлого ид явагдаж байна. Энэ нь зах зээлд төгрөг өмнөх жилүүд шиг их хэмжээгээр нийлүүлэгдэх боломжгүй болж байгаа гэсэн үг. Цаашлаад эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ.

Тэгэхээр энэ жилдээ бид тийм ч том өсөлт хүлээгээд дэмий болов уу гэж бодож байна. Гэхдээ “Hope for the Best, Prepare for the Worst” гэдэг. Хамгийн муу муухайд бэлдэж, хамгийн сайн сайхныг ерөөгөөд л сууж байх ёстой байх даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж