Сүүлийн гурван жилийн хугацаанд АТГ маш “сайн” ажилласан гэж сүүлийн хэдэн өдөр олон нийтийн сүлжээгээр “магтуулав”. Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг шалгаж тогтоохоос гадна авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхээс гадна төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах чиг үүрэгтэй.
Мөн АТГ өнгөрсөн 2020 онд 35,6 тэрбум, 2021 онд 96,2 тэрбум, 2022 онд 2,5 их наяд төгрөгийн авлигын хохирол нөхөн төлүүлсэн гэж буй. Зөвхөн энэ онд гэхэд 2,5 их наяд төгрөг гэдэг нь ийм хэмжээний мөнгө авлига, албан тушаалын гэмт хэргийн орчинд эргэлдэж байна гэсэн үг.
Авлига албан тушаалтнуудаас хохирол нөхөн төлүүлж байгаа нь сайн ч гэсэн ийм хэмжээний мөнгө авлигаар өгч, авалцаж, хохирч байхад АТГ юу хийж байсан бэ. Зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэг гарсны дараа асуудлыг шалгаж, хохирол нөхөн төлүүлснээ "баатар" мэт рекламдах нь хэр зохистой вэ, З.Дашдаваа дарга аа!
АТГ жил бүр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг авч, цахим хэлбэрээр олон нийтэд танилцуулдаг.Нийтийн албан тушаалд нэр дэвшсэн бол аливаа ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ АТГ-аар шалгуулж, жил бүр өөрийн орлого, эзэмшиж буй хөрөнгөө мэдүүдэг. Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар дор дурдсан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана. Үүнд,
- 1.1 Төрийн улс төр, захиргаа, тусгай албан тушаалд байнга, эсхүл түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон албан хаагч /Төрийн албаны тухай хуулийн 6, 7, 8 дугаар
- зүйлд заасан төрийн албан хаагчид/,
- 1.2 Төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон захиргааны албан тушаалтан;
- 1.3 Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий захирал;
- 1.4 Төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах болон гүйцэтгэх ажилтан
- 1.5 Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч.
2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 13 мянган мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ цахим системээр шинэчлэн гаргажээ.
Эдгээр албан хаагчид жил бүр өөрийн болон гэр бүлийн орлого, эд хөрөнгө, зээл, бэлэг, мал, газар, хадгаламж, эрх, концесс, лиценз, хөрөнгө оруулалт, хувьцаа зэргээ жил бүр гаргаж өгдөг. Энэ бүхнээ жил бүр нэмэгдсэн, хасагдсан, авсан авлагаа, шинээр авсан лиценз гээд бүгдийг нь мэдүүлдэг.
Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтны эд хөрөнгө, бүртгэлээ маш сайн хийж байгаа. Түүнийг нь өнөөдөр хэн нь орж үзээд, хэн ямар орлого, хөрөнгө, зээл, лицензтэй гээд бүгдийг нь харчих боломжтой. Энэ бол давуу тал. Гэхдээ одоо АТГ Хөрөнгө орлогын бүртгэл дээрээ суурилаад хөрөнгө нь гэнэт “алга” болдог, эсвэл гэнэт нэмэгддэг, эсвэл огцом буурч, хаашаа ч юм бээ алга болчихдог байдлыг шалгадаг, хянадаг болмоор байна. УИХ-ын гишүүд нь өөрийн нэр дээрх компаниа туслахынхаа нэр дээр бүртгүүлчихдэг, эсвэл хамаатан садан гээд хамаарал бүхий этгээддээ шилжүүлчихдэг байдал байсаар ирсэн.
Нүүрсний хулгай зэрэг томоохон авлигын асуудлыг шалгахад ч гэсэн УИХ-ын гишүүдийн, төрийн өндөр албан тушаалтнуудын нэр дээр бүртгэлтэй компани хайгаад ч олохгүй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Адъяасүрэнг нүүрс тээвэрт маш олон машин явуулдаг гэдгийг тээврийн жолооч нар хэлдэг. Гэтэл түүний АТГ-т бүртгүүлсэн ХОМ-д нь нүүрс тээвэрт явдаг нэг ч компани нь бүртгэлгүй байдаг. Хуулийн байгууллага УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг шалгаж байгаа ч эцсийн өмчлөгч, эсвэл эцсийн байдлаар түүний компанийг хариуцаж буй хүн л буруудна гэхээс А.Адъяасүрэн гишүүн лав буруудахгүй болов уу. Мэдээж улс төрийн шалтгаантай бол буруутгагдаж болно. Гэтэл түүнийг сүүлийн хэдэн жил маш олон автомашин нүүрс тээвэрт явуулдгийг амтай болгон ярьдаг, мэддэг.
Энэ мэтчилэн Хөрөнгө орлогын мэдүүлгийн үнэн, зөв эсэх, цаашлаад хэн нь гэнэт баяжаад, хэн нь гэнэт ядуураад байгаад хяналт тавьж чадвал авлига, албан тушаалын байдлаа хэн хэрхэн, яаж ашиглаж байгааг хөөгөөд олчихмоор. Ямар учир шалтгаанаар өөрийн нэр дээрх бүртгэлтэй эд хөрөнгөө бусдад шилжүүлж, бусдаар “могой бариулах” ажиллагаа явуулж байгааг ч гэсэн хянадаг, шалгадаг болмоор байна, АТГ-ынхаан. Хэрэв ингэж чадвал 2,5 их наядын хохирол нөхөн төлүүлснээ зарлах бус ийм хэмжээний авлигаас бид урьдчилан сэргийллээ гээд бахархалтайгаар рекламдах нь илүү ёс зүйтэй болов уу.