Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хорооллыг 2023-2028 онд барихаар болжээ. Тодруулбал, орлогод нийцсэн орон сууц барих энэхүү төсөлд “Сайхан төмөрт” ХХК шалгарч, сонгогдсон талбарт өөрийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 28 блок нийт 1764 айлын орон сууц, 320 хүүхэд хүлээн авах сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн зургаан барилга барихаар болж буй аж.
Нийслэлийн төв цэгээс 17.4 км-ийн зайд хэрэгжүүлэх энэхүү төсөлд шаардлагатай цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугамыг 2007-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийсэн юм байна.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас өнгөрсөн Баасан гаригт орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан “Сайхан төмөрт” ХХК-тай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах” гэрээг байгуулж, цаашид талууд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн орон сууцны корпорацид олгожээ.
Бараг 20 шахам жил болох гэж буй энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл Улаанбаатар хотын алслагдсан хороодыг хөгжүүлэх Засгийн газрын төлөвлөгөө нэг алхмаар урагшилна гэсэн үг юм. Нөгөө талдаа энэхүү төслөөр дамжуулж, яндангийн тоог бууруулах нь агаарын бохирдлыг багасгахад ч нэмэр болно.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ