Украины өмнөд хэсэгт орших Запорожье атомын цахилгаан станцын ойролцоо их бууны дэлбэрэлтүүд өдөр бүр болж, цөмийн аюулыг улам нэмэгдүүлж байгааг НҮБ-ын шинжээчид анхааруулж байна. Киев, Москвагийн талд атомын цахилгаан станцыг тойроод гал зогсоох бүс байгуулахыг НҮБ-аас ятгаж буй.
Олон улсын атомын энергийн агентлаг, НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагаас тус байгууламжийн ойролцоо хэдэн долоо хоногийн турш "бараг өдөр бүр" дэлбэрэлт сонсогдсон гэж мэдэгдэв. Үйлдвэрийн цонхыг шажигнуулсан найман "хүчтэй дэлбэрэлт" Пүрэв гаригт болсон гэв.
Оросын арми 11 сарын өмнө бүрэн хэмжээний довтолгоогоо эхлүүлээд хамгийн түрүүнд Европ дахь хамгийн том атомын цахилгаан станцыг эзэлжээ. Үүнээс хойш НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага аюулгүй байдлын нөхцөл байдал муудсан тул цөмийн сүйрэлд хүргэж болзошгүйг анхааруулсаар ирсэн.
Өнгөрсөн зун тус станцад болсон дэлбэрэлтүүдэд талууд нэг нэгнээ буруутгаж, атомын цахилгаан станцыг байлдааны талбар болгон хувиргасан тул аюулгүй байдлын нөхцөл байдлын улмаас байгууламжийн бүх зургаан реакторыг урьдчилан сэргийлэх зорилгоор хаажээ.
ОХУ нь Днепр мөрний зүүн эрэгт орших Запорожья, 10 милийн зайд орших Никополь хот болон бусад газрыг байлдааны түшиц болгон ашиглаж байна гэж Украины эрх баригчид олон сарын турш буруутгасан.
Тус агентлаг нөхцөл байдал, аюулгүй байдалд хяналт тавьж, техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор өнгөрсөн есдүгээр сард станц болон Украины бусад цөмийн байгууламжид мэргэжилтнүүдээ байршуулсан.
Уг станцыг хяналтдаа авсан нь Москвад Украины эрчим хүчний салбарт томоохон хөшүүрэг болж байгаа бөгөөд Оросын арми аравдугаар сараас хойш пуужин болон нисгэгчгүй онгоцоор цохилт өгч байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: NEW YORK TIMES
Холбоотой мэдээ