Төрийн өмчит компаниуд түмний хөрөнгөөр гараа угааж байхад нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж ирсэн Үндэсний аудитын газрынхныг УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх хаврын чуулганаар нээлттэй сонсголд оруулж, “шүүс”-ийг нь шахахаа мэдэгдээд байна.
Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт Үндэсний аудитын газар ажиллахдаа “Үндэсний аудитын газар нь хууль, тогтоомжуудын хэрэгжилтэд нэн ялангуяа төсөв, санхүүгийн чиглэлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааг шинэ шатанд гаргасан. Хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд Үндэсний аудитын газар мөн чухал үүрэгтэй оролцох ёстой хэдий ч хангалтгүй ажиллаж байна. Төрийн өмчит компаниудад олон тооны зөрчил гарсаар байхад аудитын байгууллага тун хангалтгүй ажилласан. Тиймээс ирэх хаврын чуулганаар Үндэсний аудитын газрын тайланг нээлттэй сонсгол хэлбэрээр авч хэлэлцэнэ” гэсэн юм.
УИХ-ын хувьд одоогоор хоёр ч томоохон нээлттэй сонсгол зохион байгуулаад буй. Тодруулбал, нүүрсний хэрэгтэй холбогдуулж, өнгөрсөн оны сүүлээр нээлттэй сонсгол зохион байгуулсан бол Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбогдуулж, таван өдөр үргэлжилсэн нээлттэй сонсгол зохион байгуулсан юм.
Сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" компанид гэхэд л санхүүгийн олон зөрчил байсан нь Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор тодорхой болсон. Уг нь Үндэсний аудитын газар нь жил бүр төсөвт байгууллагууд болоод төрийн өмчит компаниудад шалгалт хийж, төсөв, хөрөнгийг зүй ёсны зарцуулж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Гэвч зөрчлийг илрүүлж чаддаггүй юу, эсвэл өөр шалтгаан байна уу нүүрсний гэх хэргээс эхлээд дуулиантай асуудлууд нь төрийн өмчит компанид хамаарах болсон.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ