“NEWS” агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.
Авлигатай тэмцэх газар /АТГ/ нэгдүгээр сарын 25-нд нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд нь хахуулийн мөнгөө спорт цогцолбор, орон сууцны барилгын ажилд эхлүүлэхэд зарцуулсан нь тогтоогдсон тухай зарлав.
Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг “Нүүрс худалдах, худалдан авах, олборлох, гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, С зөвшөөрөл олгох, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд бараа ажил үйлчилгээг худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосон. Хахууль авсан, мөнгө угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргүүдэд ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр явуулж байна.
Ажлын хэсэг нийт 36 хэргийг мөрдөн шалгаж байгаагаас гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар 127 объектод нэгжлэг хийж, хүний бие эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулаад байна.
Одоогийн байдлаар нүүрсний хэрэгт нийт 66 иргэн, албан тушаалтныг яллагдагчаар татсан бол 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. Ингэхдээ 15 яллагдагчийг цагдан хорьсноос 7-г нь үргэлжлүүлэн хорьж байна.
Хэрэгт холбоотой 19 хүнд хилийн хориг, албан үүргийг түдгэлзүүлэх арга хэмжээг 5, хувийн баталгаа гаргах арга хэмжээг 35 яллагдагчид авсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийг хахууль авсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул хөрөнгийг битүүмжилсэн. Нийт 78 орон сууц, 3 оффисын талбай, 43 машин, 4 газар, хоёр хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь дансны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэт цаас, бондыг битүүмжиллээ.
Үүнээс гадна нэгжлэгээр илэрсэн 630 сая төгрөг, 230,000 ам.долларын эх үүсвэрийг шалгаж байна.
Битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийн тухайд төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд нь Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанитай гэрээ байгуулах явцдаа хахууль авсан нь тогтоогдсон. Хахуулийн мөнгөнөөсөө Хан-Уул дүүрэгт 4.6 га талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд зарцуулсан нь гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуух зорилгоор өөрчилсөн нь алба тушаалтан хахууль авах, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Мөн төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз, нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 464.5 м.кв бүхий оффисыг 2.5 тэрбум, мөн 530.9 м.кв бүхий оффисыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан байдаг. Үүнийхээ эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, хамаарал бүхий этгээдийн нэр дээр үнэт цаас, бонд авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон. Тухайн оффисоо түрээслэх замаар 1.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь тогтоогдсон тул оффисыг битүүмжилсэн” гэсэн юм.
Н.Энхбаяр Шинэ Үндсэн хуулийн төслийг танилцуулж, дуулиан тарив
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 2022 оны наймдугаар сард захирамж гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилж, дөрвөн намын даргыг бүрэлдэхүүнд нь багтаасан бөгөөд нэгдүгээр сарын 26-нд мэдээлэл хийх үеэрээ шинэ Үндсэн хуулийг боловсруулснаа танилцуулав. Энэхүү шинээр боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс өөрсдөө хүсвэл 6 жил УИХ-ын гишүүн байж болно" гэж заасан нь олон нийтийн шүүмжлэл хүлээсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.ЭНХБАЯР: 1992 онд батлагдсан Үндсэн хууль бол маш чухал хууль байсан. Тэр үед бид цоо шинэ тогтолцоо руу шилжиж орохоос өөр аргагүй байдалд байсан. Гадаад, дотоод бүх нөхцөл байдал тэгж бүрдсэн байсан. Бид 1992 оны Үндсэн хуулиа хийхдээ нам төвтэй харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжье гэж томъёолсон байдаг. Шинэ Үндсэн хуульдаа "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага" гэж томъёолсон. Тэр тогтолцоо, тэр зохицуулалтаас болоод харамсалтай нь төр засаг хяналтаас гарсан. Хяналтаас гарсан төр засаг ард түмний бухимдлыг төрүүлээд, хянах хүсэлтэй хүмүүс нь хянаж чадахгүй, хулгай зэлгийг зогсоож чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй ард түмэн бухимдаад байна. Одоо олон улсын харилцаа ч тийм болж байна.
Нийгмийн захиалга юу байна вэ гэхээр хүн төвтэй, хүн төр засгаа хянадаг, иргэн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга өөрийн эрхгүй судлаачид, социологичид, эрдэмтэд, төрийн бус байгууллагууд, жирийн иргэдээс гарч байна. Энэ төсөл төр төвтэй буюу хэний ч хяналтын гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай нийгмийн харилцаа руу шилжих цаг ирлээ гэж үзэж, 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн зөв, хамгийн хурдан, ард түмэн хамгийн их ашигтай гарц гэж үзэж, боловсруулсан. 1992 оны Үндсэн хуулийг муулаад байгаа юм биш. Үүргээ гүйцэтгэсэн учраас өөрчлөх цаг иржээ.
Энэ Үндсэн хуулийн асуудлыг бид ярьсан юм биш. 20 гаруй нам Үндсэн хуульд шинэчлэл хийе гэж тунхаг бичигт гарын үсэг зурсан. Саяхан болсон Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн ард түмний том уулзалт дээр Ерөнхий сайд илтгэл тавьж, гурван гарц байгааг тэнд буй хүмүүст хэлсэн. Нэг нь, юу ч хийхгүй яг хэвээр нь байлгая гэж. Хоёрт, тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулъя гэж. Гурав дахь нь, цоо шинэ Үндсэн хуультай болъё гэсэн.
МАХН, МАН хоёр жил гаруйн өмнө нэгдэж байхад бид энэ асуудлыг бас ярьж байсан. Үндсэн хуулийн хямрал эргээд улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал болох гээд байна. Бүгдээрээ сайхан Үндсэн хууль болгох юмсан, тэгж ард түмнээ баярлуулах юмсан, байгалийн баялгийг нь ард түмэндээ өгчих юмсан гэж ярилцсан.
Тийм учраас У.Хүрэлсүх ерөнхийлөгч сонгуульд оролцож байхдаа "Баялгийн эзэн монгол" гэсэн лоозонтой орж байсан шүү дээ. Тэрний цаад санаа нь баялгаа ард түмэндээ өгье л гэсэн санаа.
Хоёр танхимтай парламент гэдэг энэ тогтолцоог үндсээр нь өөрчилье гэсэн үг. Зөвхөн нэмэлт өөрчлөлтөөр хоёр танхимтай парламент хийж болохгүй шүү дээ. Энийг цоо шинэ Үндсэн хуулиар хийхээс өөр арга байхгүй. Хоёр танхимтай парламентаар намууд нь ч нэг танхимд орог, нөгөө танхимд нь иргэд тэрийгээ хянаж байдаг нам бус зарчмаар орог гэсэн зарчим байгаа юм” гэж мэдэгдсэн нь дуулиан тарив.
Д.Амарбаясгалан: Засгийн газарт шинэ Үндсэн хууль бичих санаарахал байгаагүй
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өмнөх өдөр нь буюу нэгдүгээр сарын 25-нд энэ асуудлаар мэдээлэл хийх үеэрээ Засгийн газарт шинэ Үндсэн хууль бичих санаархал байгаагүй гэдгийг онцолсон юм.
Тэрбээр “Өчигдрөөс эхлэн нийгэмд Монгол Улсын Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулахад бэлэн болсон гэх мэдээлэл олон нийтийн сувгаар явлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрчлөлтийн асуудал яригдах бүрт Үндсэн хуулийг шинээр хийх ёстой эсвэл, өөрчлөлт хийх ёстой гэдгийг Монголын ард түмэн олон түвшинд илэрхийлдэг. Ялангуяа Ардын их хурлын депутатаар ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг баталсан, ахмадуудын зүгээс тухайн үеийн хоёр танхимтай парламенттай болох ёстой гэх асуудлыг нэг хэсэг нь хөнддөг. Зарим улс төрийн намууд хоёр танхимтай парламентын хэлбэр рүү шилжих ёстойг ярьдаг.
Үндсэн хууль судлаачидтай уулзаж мэдээлэл авлаа. Миний авсан мэдээллээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 гаруй төрлийн шинэ Үндсэн хуулийг улс төрийн намууд, Үндсэн хууль судлаач нар бичсэн тохиолдол байдаг юм байна. Монгол Улсын Засгийн газар шинээр Үндсэн хууль бичих санаархлыг гаргаагүй.
Үндсэн хуулийг шинээр биччихлээ гээд шууд баталчихгүй. Үүнийг Монголын нийт ард түмэн шийднэ.
Өнөөгийн хэрэгжиж буй Үндсэн хуулиар ч энэ асуудлыг тодорхой заасан байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинээр бичих тухай ойлголтыг иргэдэд сайн ойлгуулах ёстой. Нэмэлт өөрчлөлт гэдэг нь тодорхой цөөн тооны заалтыг өөрчлөх замаар өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийдэхэд гол зорилго оршдог. Шинэ Үндсэн хууль гэдэг нь одоогийн хэрэгжиж буй Үндсэн хуулийн 35 орчим хувиас илүү хэмжээний өөрчлөлтийг хийх болсон тохиолдолд шинэ Үндсэн хуулийг ярина гэдэг. Энэ утгаараа МАН-д, Ерөнхий сайдад улс төрийн намуудаас шинээр бичих эсвэл нэмэлт өөрчлөлт хий гэдэг шаардлага тавьдаг. Энэ бүгдэд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан болсон иргэдийн чуулганд байр сууриа илэрхийлсэн. Бусад улс төрийн арга хэмжээнд байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал, МАН Үндсэн хуульд асуудал байгаа гэж үзээд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх асуудалд олон нийтийн зүгээс Зөвлөлдөх санал асуулга болон иргэдийн дунд явуулах санал асуулгад үндэслэн шийдвэрлэх боломжтой. Гагцхүү шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг нь өнөөгийн нөхцөл байдалд хийж чадах уу үгүй юу нь ихээхэн эргэлзээтэй.
Шинэ Үндсэн хууль хийх тохиолдолд заалт бүрийг нь авч хэлэлцдэг. Богино хугацаанд хийх зүйл огтоос биш болохыг Үндсэн хууль судлалынхан тогтмол хэлж байгаа" гэж мэдэгдсэн юм.
Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлөөс мөн Үндсэн хуультай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх үеэрээ "Шинэ Үндсэн хуулийг батлах агуулгаар асуулт оруулаагүй. Тодорхой асуудлууд дээр нь шинэчилсэн найруулга, өөрчлөлт байх уу гэдэг ганц л асуулт байгаа" гэдгийг мэдэгдээд буй.
Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандав
Ардчилсан намын ээлжит бус Үндэсний бодлогын хороо нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар сонгосон. Тэгвэл энэхүү шийдвэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлж, баталгаажуулахаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар өнгөрсөн Баасан гаригт хандлаа.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: Ардчилсан намын эрх бүхий төлөөллийн дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, намын даргаа шинэ намын дүрэмд нийцүүлэн сонгосон. Одоо ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Нөгөө талдаа Ардчилсан намын гуравдугаар сарын 31-нд батлуулсан шинэ дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороо нь Ардчилсан намын гол бодлого шийдвэрийг гаргадаг уураг тархи болсон. Намын зохион байгуулалт, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага болсон. Энэ хүрээндээ намын төлөөлөгчид маань оролцоод, асуудлыг шийдсэн" гэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага асуудлыг шийдэх гээд явж байна. Асуудлыг шийдэх гэхээр цаг хожих, бусниулах гэдэг. С.Эрдэнийн талаас ийм байдлаар ханддаг. Энэ нь хууль бус. Бид хуулийн дагуу төв байгууллагаас гаргаж өгсөн материалыг Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгч байна" гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ