Арина Сабаленка Австралийн нээлттэй тэмцээний аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2023.01.28-нд нийтлэгдсэн

Арина Сабаленка Австралийн нээлттэй тэмцээний аварга боллоо

Арина Сабаленка Австралийн нээлттэй тэмцээний аварга боллоо

Газрын теннисний 2023 оны анхны Их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээн 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж дэлхийн шилдэг 128 эмэгтэй теннисчид өрсөлдсөнөөс тус тэмцээнд тавдугаарт эрэмблэгдсэн Беларусын тамирчин Арина Сабаленка аваргын төлөөх тоглолтонд Казахстаны тамирчин Елена Рыбакинаг 6:4, 3:6, 6:4 ийн харьцаатай хожиж анхны Их дуулгын түрүүгээ хүртлээ. Мельбурн хотын Род Лавер ордонд хоёр цаг 30 минут үргэлжилсэн шувтаргын тоглолт хурдтай давуулалт болон нүүрний шугамны хүчтэй цохилтуудын дунд тун өрсөлдөөнтэй явагдав. Эхний сэтэнд оновчтой давуулж байсан Рыбакинагийн давуулалтууд сүүлийн хоёр сэтэнд суларсан боломжийг өрсөлдөгч Сабаленка тун оновчтой ашиглаж өөрийн тоглолтын хэмнэлийг өөрчлөн илүү довтлох хувилбар ашиглаж тоглосон нь үр дүнгээ өгөв. Цомоо гардаж авах үеэрээ А.Сабаленка хэлэхдээ "Энэ тэмцээний хамгийн галзуу багаар шалгарсан өөрийн багийнхандаа үнэхээр их талархаж байна. Сүүлийн жилүүдэд ихээхэн уналттай байсан ч бид анхны Их дуулгын цомоо өргөж чадсан нь та нарын минь л ач гавъяа" гэв.

А.Сабаленка тус тэмцээнд түрүүлсэнээр 2,9 сая австрали долларын шагнал болон 2000 онооны эрхийг авав. Ирэх долоо хоногт шинэчлэгдэх дэлхийн чансаанд тэрбээр хоёрдугаар байрт дэвшин орж ирэх боломжтой боллоо. Дэд байрт шалгарсан Рыбакинагийн хувьд 1,6 сая австрали доллар болон 1300 оноотойгоор тэмцээнээ өндөрлөв. Сонирхуулахад энэ жил 23 настай Елена Рыбакина нь ОХУ-ын Москва хотод төрж өссөн, одоо ч ОХУ-д амьдардаг хэдий ч Казахстаны теннисний холбооноос тавьсан саналыг хүлээн авсанаар 2018 онд иргэншлээ сольж Казахстаны нэрийн өмнөөс тоглох болсон билээ. Шувтаргын тоглолтыг Австралийн төрийн тэргүүн Амбан захирагч Дэвид Хөрлей, Ерөнхий сайд Антони Албанизи, тэрбумтан Билл Гейтс, жүжигчин Рассел Кроу, домогт теннисчин Билли Жин Кинг зэрэг хүндтэй зочид үзэж сонирхов.

Г.Хантулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж