Сурвалжлага: Цагаан сарын ууц, өвчүүг 200-350 мянгад бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Цагаан сарын ууц, өвчүүг 200-350 мянгад бэлдэж байна

Сурвалжлага: Цагаан сарын ууц, өвчүүг 200-350 мянгад бэлдэж байна

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр болох цагаан сар иргэдийн халаасанд их ачаалал өгдөг. Гэрийнхэнтэйгээ ёслоод өнгөрөх залуу гэр бүл олон ч настан буурлаа хүндэтгэх, эргээд тэд нь идээ шүүс бэлдэхээс гадна гар цайлгах бэлэг цуглуулах ажил сарын өмнө эхэлдэг билээ. Энэ жишгээр “Дэнжийн 1000”-ын захын хашаанд эгнэсэн олон машин дээр дэлгэсэн ууц, өвчүүний худалдаа хэдийнэ гарсан байна.

Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхээс татгалзаж эхлээд байгаа монголчууд энэ жил идээ шүүсээ хэдэн төгрөгт бэлдэх, ууц, өвчүүний алийг нь голдуу авч байгаа талаар сурвалжиллаа.

Амралтын өдрүүдэд цаг агаар дулаарч, хөдөөнөөс хот руу цагаан сарын худалдаанд махаа зарахаар авч ирсэн худалдаачдын хөлд зах дарагджээ. Мөн түүнийг дагаад үнийн судалгаа хийж, ууц, өвчүү шилж сонгох иргэд ч их байлаа. Иргэд ихэвчлэн ууц авч байгаа бөгөөд үнийн хувьд жижиг нь 180-230 мянган төгрөг, дундынх нь 250 хүртэлх мянган төгрөгт таарч байгаа бол тарган хониных 330-360 мянган төгрөг  байна. Харин өвчүү өөхтэй эсэхээс шалтгаалж килограмм нь 10-13 мянган төгрөг гэж байлаа. Залуу хүмүүс ихэвчлэн өвчүү авдаг байсан бол хоёр жил өргөн хүрээнд баяр хийгээгүй учир энэ жил жижигхэн ч хамаагүй ууц тавихыг чухалчилж байгаа гэдгээ мөн хэллээ.

Худалдагчдын хэлж байгаагаар цагаан сар болохоос сарын өмнө махаа бэлддэг. Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас гол төлөв мах ирж байгаа. Үнэ өнгөрсөн жилүүдийнхээс кг нь 500-1000 төгрөг л өссөн гэв.

600 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ДУНДЫН УУЦ, ТАРГАН ӨВЧҮҮ АВАХ БОЛОМЖТОЙ

Харин иргэдээс асуухад үнэ боломжийн сонголт их байгаа дээр эртхэн бэлдвэл амар байдаг. Ууцны мах кг нь 6500-7500 төгрөг. Өвчүү нь 11 мянга гэж байна. Харин худалдан авалт хийж байгаа ахмадуудаас асуухад 600 мянган төгрөгөөр аль алийг нь авах гээд өглөө 08:00 цагт Яармаг, таван шараас “Дэнжийн 1000”-руу ирсэн. 2, 3 цаг хайж байгаад хамгийн дажгүйг нь авна гэх хариултыг өгч байлаа. Цагаан сарын үзэсгэлэн худалдаа, ууц, өвчүү зарж байгаа газрууд их байгаа ч үнэ хамгийн хямд, шинжилгээний бичигтэй нь “Хүчит шонхор” учраас өглөөгүүр зорьж ирдэг байна.

Мөн худалдагчид эрэлт ихсэхээр үнэ өснө. Одоо махны олдоц сайн байгаа ч ирэх долоо хоногоос татарна. Тэгэхээр үнийн хувьд одоо байгаагаас өсч магадгүй гэсэн юм.

Худалдаа эрхлэгчдийн хувьд ууц, өвчүү зарж эхлээд 3-7 хонож байгаа аж. Иргэдийн худалдан авалт өнгөрсөн Бямба, Ням гаригаас ихэсч, өдөрт багадаа 10 ууц, 4-6 өвчүү зарж байгаа гэлээ. Орон нутгаас махаа хэрхэн татаж байгааг асуухад “Өвөлжилт хүнд байгаа учраас холын аймгууд руу явах хэцүү байгаа. Хөдөө мах хямд байгаа ч тээврийн зардал, айлуудаас явж мах бэлтгэх ажил зардал их. Тиймээс нэг кг мах дээр 2000-3000 төгрөг нэмж байна” гэх хариултыг өглөө. Мөн зардлаас гадна махаа шинжлүүлэх, дахин лабораторид оруулах, захын талбай түрээслэх гэх мэт жижиг зарлага их болсныг ч хэллээ.

Нөгөө талдаа иргэд авахаас илүүтэй үнэ ханшийг нь судлах нь их байна. Ирэх долоо хоногт тэтгэврээ буухаар ирж авах гээд эртхэн судалж тооцож байгаа аж.

УУЦ, ӨВЧҮҮГЭЭ АВЧИХВАЛ БЭЛЭГ, БУСАД ХҮНС БЭЛДЭХ АМАРХАН ГЭВ

Ууц, өвчүүгээ аваад чанахад бэлдчихвэл бусад бэлэг, идэж уух хүнсний зүйлсээ төвөггүй бэлдэхийг ч ахмадууд хэлж байлаа. Мөн энэ жилийн нэг онцлог нь залуу гэр бүлүүд өвчүү их авч байгаа бөгөөд цагаан сарыг уламжлалт утгаар нь ширээ засч тэмдэглэхийг чухалчилж байна. Тус захад нийт 50 орчим махтай машин зогсч, өдрийн 11-12 цаг гэхэд махныхаа талыг зарч байгаа аж. Ойрын хоёр жилээс энэ цагаан сар худалдан авалт их байгааг захын хянагчид хэлэв. Харин худалдагчид зардлаа нөхөж бага ч болов ашиг олох гэж зогсч байгаа ч мах авах хүн ховор байна гэлээ.

Мөн зарим хүн ууц, өвчүүнээс илүү мах авч чанаад тавих нь хямд тусахыг ч хэлсэн. Хүчит шонхорт үхрийн мах кг нь 8000-8500, хонины мах 6500-7500 төгрөг гэж байна.

Харин ямааны мах 5500-6000 төгрөгийн үнэтэй байлаа. Бид зах доторх лангуунаас илүүтэй гадаа талбайд гарсан гулууз махны хэсгээр явсан. Захын хянагч, лабораторийн эмч нар махны дээжийг өглөө бүр шинжилж, эрүүл ахуйн хяналт тавьж байгаа гэлээ. Гадаа ч гэсэн аль болох цэвэр орчинд махаа худалдахыг зөвлөж, зориулалтын гуталны улавч, хормогч зүүх шаардлага тавьж байлаа. Шаардлагыг аваагүй худалдаачдыг зах руу нэвтрүүлэхгүй байх, торгох зэрэг зохицуулалт хийж байгаа аж. Ямартай ч сар шинийн баяр болоход 20 гаруй хоног үлдсэн ч иргэд хэдийнэ бэлтгэлээ базааж эхэлжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж