Парис 2024 олимпийн наадамд Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг зөвшөөрвөл Украин улс бойкот зарлана гэж тус улсын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Вадим Гутцайт хэллээ. "Бид Орос, Беларусийн тамирчдыг төвийг сахисан далбаан дор, ямар ч нөхцөлд олон улсын тэмцээнд оролцохоос сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийсэн, хийж байгаа, хийх болно. Террорист орнуудын төлөөлөгчидтэй гэрээ байгуулж болохгүй. Манай улсад дайн болж байгаа цагт бид Орос, Беларусийн тамирчдын эсрэг хориг арга хэмжээ авах бодлогоо үргэлжлүүлэх болно" гэж тэр бичжээ.
Олон улсын олимпийн хороо өнгөрсөн жил Оросын тамирчдад зөвшөөрөл олгосноор украинчууд олимпийн эрх олгох жүдо бөхийн тэмцээнийг бойкотлож байсан юм.
Олон улсын олимпийн хороо олимпийн эрх олгох гол тэмцээнд Орос болон түүний холбоотон Беларусийн багийг оролцохыг урьсан.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзахдаа Орост "тэнд байх ёсгүй" гэж хэлжээ. "Би ОУОХ-ны дарга Бахыг Бахмутад урьж байна. Тэгж байж тэр ямар ч төвийг сахисан байдал байхгүй гэдгийг нүдээр харна" гэж Зеленский хэлэв.
Парис хотын дарга Анн Идалго 2024 онд болох тэмцээнд оролцох Оросын тамирчдад саад болохгүй гэж хэлжээ. Гэхдээ төрийн далбаагүйгээр төвийг сахисан тамирчны хувиар өрсөлдөнө гэж мэдэгдсэн. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ шийдвэрийг шүүмжилсэн байна. Олон улсын олимпийн хороо дайны гэмт хэргийг үл тоомсорлож байна гэж тэр үзжээ.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ