Эцсийн мөчид Ерөнхийлөгч иргэдийнхээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалан хоёрхон хоногийн дотор хүчээр муйхарлан баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд бүхэлд нь хориг тавилаа. ТББ-ууд уг хуулийг эсэргүүцсэн иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулахад 7000 орчим иргэн гарын үсгээ зуржээ. Иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бүдүүлэгээр халдаад зогсохгүй, мэдэх эрхийг нь уландаа гишгэж, уг хуулийн талаар огт мэдээлэлгүй байгааг далимдуулан ийнхүү баталсан нь эрх баригчид хүний эрх, эрх чөлөөг сиймхий гарвал хэрхэн хөсөрдүүлэхэд бэлэн байгааг батлав. УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулж болох байсан ч хүний эрхийн зөрчилтэй байвал Хүний эрхийн үндэсний комиссоос эргэн мэдэгдэж, шаардлагатай бол хожим засвар хийхийг сануулсан нь өнөөгийн хууль тогтоогчид ажилдаа хэрхэн хандаж байгааг хэлээд өглөө.
Яаран сандран баталсан энэхүү хуулийн араас шинэ Үндсэн хуулийн төслийн хэвлэмэл номыг барьсаар урт шар дээлтэй хүн гарч ирсэн нь хэрэг зориг юунд байсныг хэлээд өгөх шиг.
Эхлээд иргэдийнхээ амыг үдэж, гарын гавлаад дараа нь 1570 хүнээс санал авсан нэрийдлээр шинэ Үндсэн хуулийг зүтгүүлэх далд санаа тэдэнд агуулагдаж байсан гэх хардлагыг үйл явдлын өрнөл, дэс дараалал хэлээд өглөө.
Цахимаар санал асуулга явуулбал эрх баригчид хүссэн дүнгээ гаргах бүрэн боломжтой байгааг хүүхдийн мөнгөний цахим бүртгэл хэлээд өгөв. Аав ээжид нь хуурамчаар орлого нэмж хүүхдийн мөнгөнөөс хассан төдийгүйгүй тэмээнээс тэмдэгтэй сайдыгаа хүртэл "бутач" хүүхэдтэй болгов. Энэ нь инженер, техникийн ажилтан эсвэл технологийн алдаа гэхээс илүүтэй ийм байдлаар эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр, тэтгэмж, тэр ч бүү хэл сонгуулийн дүнд нөлөөлөөгүй гэх баталгаа алга.
Н.Учрал сайдын хамраа үрчийлгэж, хорсолтойгоор харж байгаад хэлээд байсан "Монгол Улс Цахим хөгжлийн индексээр 74-р байр, цахим аюулгүй байдлаа хангах чадвараараа 120-р байранд орж байгаа нь бид аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангахад анхаарах ёстойг харуулж байна" гээд буй нь өөрсдийнх нь хийх ёстой ажил болохоос иргэдийн эрх чөлөөнд халд гэсэн үзүүлэлт биш. Хууль зүй, дотоод хэргийн сайдын уулзсан гээд буй Фэйсбүүкийн Азийн улс орнуудыг хариуцсан төлөөлөгч ч өөрсдөөс нь санал аваагүйг өөрийнхөө сүлжээгээ ашиглан мэдэгдсэн нь хүүхэд нохойн доог болж байна. Үзэл бодлоо илэрхийлэх нь хүний үндсэн эрх гэдгийг бид эрх баригчдад анхааруулж, энэ эрх рүү халдахыг завдсан хэнтэй боловч хариуг нь барихгүй бол нэг нэгээр нь хавчин гадуурхаж, барьцаа ахиулсаар байх ажн
Ерөнхийлөгч хориг тавьснаар энэ хууль хүчингүй болчихгүй. УИХ хоригийг хүлээж авах эсэхээс хойшдын хувь заяа нь хамаарна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ тухай хэрхэн заасныг харцгаая.
- 88.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
- 88.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
- 88.3.Нэгдсэн хуралдаанд хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсны дараа энэ хуулийн 88.2-т заасан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоно.
- 88.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
- 88.5.Гишүүд энэ хуулийн 88.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
- 88.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
- 88.7.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл холбогдох Байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна.
- 88.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
- 88.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.
Тиймээс асуудал дуусах бус эхэлж байна. Таныг төлөөлөн суугаа төлөөлөгч таны талд уу эсвэл намынхаа зааврыг дагах уу гэдгийг дараагийн долоо хоногт өрнөх үйл явдлаас харж, хараад зогсохгүй шаардах хэрэг гарч байна. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч эрх баригчдад нөлөөтэй байна уу эсвэл дүр эсгэв үү гэдгийг өрнөлөөс нь харж болох нь. Ямартай Ерөнхийлөгч анхны хоригоороо өөрийн зүгээс хийх ёстойгоо хийж иргэдийнхээ талд зогсч чадлаа. Одоо харин УИХ-д биднийг төлөөлж буй төлөөлөгчдийн хэн нь хэн бэ гэдгийг харах үлдлээ.
Холбоотой мэдээ