Хоёрхон хоногийн дотор баталсан хуульд хүний эрхийг зөрчиж буй олон заалт байгаа талаар иргэд цахим хуудаст бичиж, санал хүсэлтээ илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуульд бүхэлд нь хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв. Энэ талаар ирэх Даваа гаригт мэдээлэл хийхээр болсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 12 дугаар заалтын 8-д зааснаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина гэсэн заалттай.
Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, нийт гишүүдийн 3/2 саналыг авсаны дараа хоригийг хүлээж авах эсэхийг шийдэх юм.
Цахим харилцаа хөгжлийн сайд Н.Учрал тус хуулийн талаар мэдээлэхдээ "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан нэг үс үсэг байхгүй. Та үгээ хэлж, хурцаар шүүмжилж болно, чөлөөтэй. Харин нотлох баримтгүйгээр доромжлох, хэн нэгнийг заналхийлэх, сошиал булли хийх, гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй. Зөрчилтэй контентын 11 заалт дээр хүрээг нь тодорхойлж өгсөн.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд огт халдаагүй.
Үзэл бодлоо илэрхийлэхийг хориглох гээд байна гэх агуулгыг түгээгээд, хуулийг бүхэлд нь харлуулах мэдээ, мэдээллийг түгээж байгаа хүмүүс бол цахим орчинд гэмт үйлдэл хийж, цахимаар ашиг хонжоо хайдаг хэсэг бүлэг, нэр бүхий троллууд гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Олон нийттэй харилцах нэгж байгуулагдана. 13-15 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ нэгжийг би, эсвэл төр хянахгүй. Зөвхөн та хянана. Нэр бүхий сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, төр нийгмийн зүтгэлтнүүд, фэйсбүүк дээр шинжлэх ухаанч, гаргалгаатай зүйл бичдэг нөлөөлөгчид бүгд оролцоод энэ нэгжийг хянана. Энэ нэгж өөрөө хяналтаа тавиад, устгах үйл ажиллагааг хамтын хяналт дор зохион байгуулах зохицуулалтыг л Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хийсэн.
Үнэнээ хэлье. Надад үнэхээр өөр арга байгаагүй. Энэ хуулийг гурав хоногийн хугацаанд батлаагүй бол хэзээ ч батлагдахгүй байсан. Үг хэлэх үзэл бодлыг хязгаарлаж байна гэсэн малгайн дор байгаа троллуудыг дийлэхгүй шүү дээ.
2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан С.Бямбацогт энэ хуулийн төслийг боловсруулаад, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байсан. Аль ч Засгийн газрын улстөрч зориг гаргаад оруулж ирж чадаагүй байсан хуулийн төслийг ард түмний дэмжлэгтэйгээр батална гэх зоригоор энэ хуулийг өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулсан” гэж байв.
Холбоотой мэдээ