Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг нээлттэй сонгон шалгаруулъя!

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг нээлттэй сонгон шалгаруулъя!

Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг нээлттэй сонгон шалгаруулъя!

Сайдын өрөө, саарал ордон, сархадын ард шийдэж ирсэн томилгоог Засгийн газар нээлттэй сонгон шалгаруулалтаар шийддэг болохоор “Эрдэнэс Монгол” компаниар эхлүүлсэн нь ардын хүүхдүүд олноороо өрсөлдөх боломж олгов.

Нийт 88 ажлын байр зарлагдахад 2955 хүн бүртгүүлснээс 2407 хүний баримт бичиг шаардлага хангажээ. Тодруулбал, ахлах менежерийн түвшинд 234, менежерт 345, гүйцэтгэх албан тушаалд 1,828 хүний баримт бичиг шаардлага хангасан байна.

Шаардлага хангаагүй хүмүүсийн тухайд ахлах менежерийн түвшинд ажлын байранд тавигдсан боловсролын шаардлага хангаагүй 73, мэргэжлийн шаардлага хангаагүй 72, ажилласан жилийн шаардлага хангаагүй 38, боловсролын түвшин тодорхойлох нотлох баримт хавсаргаагүй 21 буюу нийт 220 хүн сонгон шалгаруулалтын шалгалтаас хасагджээ.

Энэ олноороо ажилд орохоор бүртгүүлсэн нь 4-12 сая төгрөгийн цалин авдаг болох л гэж… Ийм хэмжээний цалинтай ажилд орохын тулд монголчууд нэг бол дарга, сайдын хамаатан садан, эс бөгөөс танил талтай байх, нэг бол намын гишүүн нь болж, цүнх л барих ёстой. Эс бол гадаад руу явж хөдөлмөр эрхлэх сонголт л бий.

Харин энэ удаад шалгалтад л бүдэрчихгүй бол өндөр цалинтай ажилд орох “шаанс” байна.

Одоо Засгийн газар төрийн өмчит компаниудынхаа ажлын байрыг дээрх жишгээр, сонгон шалгаруулалтаар шийддэг болчихвол төр чадвартай хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлж, тэр хэрээр хүчирхэг болно гэсэн үг.

Дээр нь төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг ч мөн нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулдаг болох шаардлага байна.

Хаана хамгийн өндөр цалин пүнлүүтэй Төлөөлөн удирдах зөвлөл байна, тэнд намынх нь хүмүүс шалз шиг очоод наалдчихдаг. Зөвхөн цалин нь чухал болохоос биш тухайн газрын ажил явна уу, унана уу хамаагүй мэт явж ирсэн.

Жишээ татвал, МАН Засгийн эрх авангуут “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди ажилладаг, Засгийн эрх солигдонгуут тэрбээр чөлөөлөгддөг.

УИХ-дарга асан Д.Дэмбэрэлийн хувьд ч ялгаа байхгүй, МАН Засгийн эрх авлаа, Д.Дэмбэрэл гэдэг хүн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, эс бол Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн гэхчлэн алба хашдаг. Угтаа бол  тэд гавьяаныхаа амралтад сууцгаасан улс. Гэвчиг нам нь зүгээр суулгахыг хүсдэггүй юу, эс бол өөрсдөө намынхнаа шаналгасаар дээрх албанд очдог уу, бүү мэд. Ямар ч л байсан нам нь эрх барих бүрийд ТУЗ-ийн дарга болдог хүн энэ мэтчлэн олон бий. Дээр нь нэг хүн нэлээд хэдэн газрын ТУЗ-ийн дарга хийх нь бий. Чадвартай юм уу гэхээр үгүй, өнөөх төрийн өмчит компанийнх нь ажил унасаар, өр зээлэндээ баригдсаар л байдаг.

Угтаа бол энэ тохиолдолд хариуцлага яригдах ёстой ч Монгол төр түүнд ёс зүйн код нэхэж байсан удаагүй. Тэр нь ч далим болдог уу, дараагийн том албанд томилогдож очдог жишиг ч бий болсон.

Одоо энэ бүхэнд цэг тавиад төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудынхаа Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг ч мөн нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулдаг болмоор байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээгээр Монголд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 100 гаруй, орон нутгийн өмчит 300 орчим компани аж ахуй нэгж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж