"Эрээнд шинэ бүртгэл хийлгэхээр 1000 машин дугаарлаж байна"

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

"Эрээнд шинэ бүртгэл хийлгэхээр 1000 машин дугаарлаж байна"

"Эрээнд шинэ бүртгэл хийлгэхээр 1000 машин дугаарлаж байна"

Замын-Үүдээс Эрээн рүү чиглэсэн том оврын машины дараалал их байгаа талаар иргэд хэлж буй. Энэ талаар тухайн газар дээр байгаа тээвэрчдээс мэдээллийг тодрууллаа.

"ХИЛЭЭР ГАРСАН МАШИНУУД ХЯТАДЫН ГААЛИЙН ХАШААНД БӨӨГНӨРСӨН"

Тээвэрчин В.ДОРЖДЭРЭМ:

-Ойролцоогоор 2000 машин бүртгүүлж, өдөр өдөртөө 100-150 машин Эрээн рүү гарч байна. Машин тус бүр дээр шинээр бүртгэл үүсгэж байгаагаас хугацаа алдаж, өдөрт хилээр гарах машины тоо буурсан. Цар тахлын өмнөх хориггүй хугацаанд хоногт 400 хүртэлх машин хилээр гардаг байсан. Харин одоо 150 хүртэлх хоосон буюу ачаагүй машин л нэвтрүүлж байна. Хил нээсэн эхний долоо хоногт эмх замбараагүй байдал ихээр үүсч, жолооч нар болон Авто тээврийн үндэсний төв, зохицуулагч цагдаа нарын хооронд зөрчил үүссэн.

Зохион байгуулагчид нэгдүгээр сарын 17-нд осол гарснаас хойш эмх замбараагүй байдлыг зохицуулахад анхаарч, одоо нөхцөл байдал харьцангуй сайжраад байна.

Тээврийн жолоочид групп чатаар мэдээллээ солилцож, ихэнх нь машинаа бичүүлж, зарим нь орхиод гэр рүүгээ буцаж байна. Гэхдээ саяхан хил нээсэн, ачаа барааны таталт сайжраагүй байгаа учраас ашиггүй байна. Эрээн рүү бүртгэл үүсгээд гарсан ч хилийн хашаанд хоосон машинуудын бөөгнөрөл үүссэн. Жолоочид нэг нэгнээсээ байнга мэдээлэл авч байна. Тээврийн зардал хямдарсан, захууд нээгдээгүй, хүмүүс мөнгөгүй байгаагаас олон хоног дугаарлаж, хил гарсан ч бараагаа ачуулах хүн ховор. Үүнээс болоод дугаар дээр зохицуулалт хийж, хүлээцтэй хандахыг чухалчилж байна.

Гэхдээ одоо авто зам дээр машинууд дугаарлаж зогсохоо больсон. Хүлээлгийн зурвас хэсэг дээр жолооч нар АТҮТ болон хянагч талын холбоодуудад мэдээллээ бүртгүүлж, машинаа эгнүүлэн орхиж байна.

"БҮРТГЭЛ ҮҮСГЭСЭН 2000 ГАРУЙ МАШИНЫГ 50, 50-ИАР НЬ БАГЦАЛЖ БАЙНА"

Борхойн талын тээвэрчдийн холбооны тэргүүн Ж.ГАН-ОЧИР:                                                                              

-Өнгөрсөн долоо хоногоос эхлэн АТҮТ болон Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагаас зохицуулалтыг сайжруулж, тээвэрчдийг машинаа зам дээр байрлуулахгүй, зурвас хэсэгт байрлуулах зохицуулалт хийж эхэлсэн. Ингэснээр дугаар олголт байхгүй болж жолоочид ирсэн дарааллаар бүртгүүлж, машинаа талбай дээр байрлуулж хүлээж байна. Хил нээгдэхэд 2000 гаруй машин бүртгүүлсэн. Одоо 700 гаруй нь Эрээн рүү бүртгэл үүсгэж гарсан. Одоо талбай дээр 1000 гаруй машин дугаарлаж байна. Өдөр бүр машинууд нэмэгдэж байна.

Машинуудыг эхэндээ дугаар олгох зарчмаар зам дээр дугаарлуулснаас осол гарах, дугаар дайрах асуудал үүсч байсан. Харин одоо талбай дээрх нийт машиныг 50, 50-иар нь багцлан эгнээ үүсгэж, өдөрт 150, зарим өдөр 200 машиныг хилээр гаргаж байна.

Covid-19 гарахаас өмнө хилээр машинууд бүртгэл хийлгэхгүйгээр шууд нэвтэрдэг байсан учир дараалал бараг байдаггүй байсан. Энэ жилийн хувьд цар тахлын дараа чингэлэг тээврээс авто тээвэр рүү шилжиж байгаа учраас эхэндээ төөрөгдөх, будилах асуудал үүссэн нь үнэн. Үүнийг хариуцсан албан нэгжүүдээс гадна тээвэрчдийн холбоод зохицуулаад, мөн хөндлөнгийн хянагчаар ажиллаж байна. Гуравдугаар сараас нөхцөл байдал хэвийн болно гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж