Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /2023.01.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.СУГАР:
-Мал амьтан хотод орж ирэх нь маш олон эрсдэл дагуулдаг. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг хотод мал амьтнаас үүсэлтэй халдварт өвчин гарвал хөл хорио тогтоох, нүүлгэн шилжүүлэлт хийх маш өндөр эрсдэлтэй байдаг.
Улаанбаатар хотын ерөнхий менежер М.БАЯРАА:
-Нийслэлийн засаг даргын 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилттэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ажлын хэсэг байгуулж, 2023 оны нэгдүгээр сарын 21-нээс 26-ны хооронд мал амьтныг гаргасан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дүүргийн Засаг даргын тамгын газар гэсэн байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр хотын төвийн нийт зургаан дүүрэгт 535 албан хаагч, 93 автомашин, 27 эргүүлтэйгээр нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс нийт 6385 малыг тууж гаргасан.
Цагдаагийн байгууллагаас хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулиар 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Хотын бүсэд малаа оруулж ирж байгаа эзэдтэй уулзаж санал хүсэлт, нөхцөл байдлыг сонссон. Налайх дүүрэг, Партизан болон хотыг тойрсон Төв аймгийн сумдын мал ихээр орж ирж байна. Хотыг тойрсон зарим нэгэн сумд болон улсын хэмжээнд зарим газар малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор Онцгой байдлын тухай хуулиар өвчлөлтэй бүсийг хязгаарладаг. Та бүхэн санаж байгаа бол 2017 онд үхрийн шүлхий өвчин гарч, Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд урт хугацааны хорио хязгаарлалт хийж байсан. Дахин ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд хотод байгаа малыг гаргах арга хэмжээ авч байна.
Мөн "Тэрбум" мод төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд тарьсан ногоон байгууламж руу адуу мал ороод, эвдэж сүйтгэж байгаа нөхцөл байдал үүссэн. Адуу мал орж ирээд, замын хөдөлгөөнийг зогсоох, зам тээврийн осол гарах нөхцөл байдал үүсгэж байна. Түүнчлэн төмөр зам руу орж дайруулсан хоёр тохиолдол гарсан. Хөдөлгөөний аюулгүй байдал болон хот тохижилт, гоц халдварт өвчинд өртөх нөхцөл байдал хотод үүсч байгаа учраас малыг яаралтай гаргах арга хэмжээ авч байна. Үүний дагуу төлөвлөгөө гаргаад явж байна.
Долоо хоногт зургаан дүүрэг дээр өглөө 09:00 цагаас ажлаа зэрэг эхлүүлж байна. Тэдгээр байгууллагууд ажлын тайлангаа 14 хоногт нэг удаа гаргана. Ажлаа үр дүнтэй эрчимтэй явуулах хуваарь гарган ажиллаж байна. Дөрөвдүгээр сарыг хүртэл энэ ажлыг эрчимтэй явуулна. Хавар цас хайлж, хөдөө орон нутагт нөхцөл байдал гайгүй болох үед орж ирэх малын тоо багасна. Зургаан дүүргээс 10 маршрутын дагуу малыг тууж гаргаж байна. Өмнө нь онцгойгийнхон, цагдаа нар явган туудаг байсан. Энэ удаад малчидтай хамтраад ажиллаж байна. Цаашид Дотоодын цэргийг оролцуулах нь үр дүнтэй гэсэн санал гарсан.
Хотын захирагчийн ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээр дүүргүүдэд ажиллаж байна. Хавар шинэ бүтээн байгуулалтууд эхэлнэ. Нийслэлээс хийгдэх хөрөнгө оруулалтын ажлыг дүүрэгтэй давхцуулахгүй байх үүднээс санал солилцож байна. Энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. "Нарангийн энгэр"-т хэрэгжиж буй хог ялган ангилах төслийн явц, хүнсний хог хаягдлаар бордоо хийх ажилтай танилцаад явж байна.
-Зам дээр цацсан зүйл давс байсан уу. Шинжилгээний хариу гарсан уу?
-Нийслэлийн гудамж, зам талбайд цацсан давсны орц, найрлагыг шалгуулсан. Шинжилгээгээр 95 хувийн давсны орцтой гэж гарсан. Гэхдээ давс маш их бохирдолтой байсан. Шавартай, хог шороотой, мөстэй давс нийлүүлсэн. Тиймээс нийлүүлэгч компанид мэдэгдэл хүргүүлж чанар, стандартын шаардлага хангасан давсаар сольж өгөх шаардлага тавьсан. Компани шаардлагыг хүлээн авч, 100 тонн давсыг сольж өгөхөөр болсон.
-Нийт хэчнээн тонн чанаргүй давс нийлүүлэгдсэн бэ?
-Нийт 200 гаруй тонн давс авсан. Үүнээс 80 гаруй тонныг зам талбайд цацсан. Үлдсэн 100 тонныг хэрэглэхийг хориглож, агуулахад хадгалж байна. Үүнийг сольж өгөх шаардлага тавьсан. Шаардлага хангахгүй давс нийлүүлсэн компанийг дахин Улаанбаатар хотын худалдан авалтын ажиллагаанд оролцуулахгүй байхаар хар жагсаалтад багтаасан.
Холбоотой мэдээ