Байр суурь: ЭТТ-н ногдол ашгийг хулгайчдад алдсанаас иргэдэд тараах ёстой

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Байр суурь: ЭТТ-н ногдол ашгийг хулгайчдад алдсанаас иргэдэд тараах ёстой

Засгийн газар ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сард урьдчилж олгоно гэж мэдэгдсэн. Үүнээс гадна иргэдийн дунд цагаан сарын баяраас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа авах хүлээлт байгаа юм. Энэ нь Монгол Улсын эдийн засагт ч тодорхой нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Энэ талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.


Эдийн засагч Д.АНГАР:

-Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг тараагаасай гэж бодож байна. Цаад утгаараа цаас хэвлэн тарааж байгаа гэсэн үг шүү дээ. Мэдээж инфляцийг хөөргөж, төгрөгийн ханш унаж, ам.долларын ханш өсөх тодорхой хэмжээний эрсдэл бий. Гэхдээ суурь нөхцөл байдал нь өөр асуудал. Иргэдийн гар дээр ямар ч бэлэн мөнгө алга. Шинэ он гарч, иргэд ипотекийн зээлээ төлж эхэлсэн. Бараа, бүтээгдэхүүний ханш өсчихсөн энэ үед хүүхдийн мөнгө ч бай, 1072 хувьцааны ногдол ашиг ч бай иргэдэд мөнгө тараах ёстой.

Ард түмний ахуй амьдрал доройтож, хоногийн хоолоо арайхийн болгож байна шүү дээ. Иргэд хүнсээ авч дийлэхгүй байгаа учраас шинэ хувцас худалдан авч чадахаа больсон байна. Тийм учраас төгрөгийн ханш, инфляци бол дараагийн асуудал.

Том дарга нар "Ингэвэл инфляци өснө, ингэвэл эдийн засаг хямарна" гэж тайлбарладаг. Гэтэл тэр дарга нар нь хэдэн тэрбум, их наядаар нь улсын мөнгийг хулгайлж байгаа нь ил боллоо. Ийм дарга нараас шалтгаан, тайлбар сонсох албагүй. Төр засагт 1072 хувьцааны ногдол ашиг тараах бүрэн боломж бий. "Эрдэнэс Тавантолгой" Монгол Улсын гурван сая хүний өмч. Бид 1072 хувьцаагаараа дамжуулан хувь эзэмшиж буй. Гэтэл иргэд ногдол ашиг тараахгүйгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, "Голомт" банкны Д.Баясгалан гэдэг хоёр хүн хоорондоо гэрээ байгуулж, зах зээлийн үнээс гурав дахин өндөр үнээр төмөр зам барих, эсвэл гурав дахин хямд үнээр нүүрсээ зарах гэрээ хийхэд зарцуулчихаад байна шүү дээ. Ямар ч байсан жилдээ нэг өрхөд 500 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжийг "Эрдэнэс Тавантолгой" компани, УИХ, Засгийн газар биелүүлэх тал дээр анхаарч, ажиллах ёстой.

Эдийн засагч С.БЯМБАХОРЛОО:

-Ер нь Монголбанкнаас бодлогын хүүг өсгөж, төгрөгийн нийлүүлэлтийг хянах зорилго тавьж байгаа мөртлөө эргүүлээд бэлэн мөнгө тараах бодлого барьж болохгүй. Нэг ёсондоо төрөөс явуулж байгаа бодлогын эсрэг алхам болно. Одоо гадаад валютын нийлүүлэлт өсөөгүй байхад төгрөг хэвлэж болохгүй. Иргэдийн хэрэглээ эргээд валют болж гарна шүү дээ. Удахгүй уламжлалт цагаан сарын баяр болох гэж байна. Улам л төгрөгийн ханш унана гэхээс өсөхгүй.

Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх нь зөв. Гэхдээ халамж хэлбэрээр бус боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчны чанарт хөрөнгө оруулалт хийвэл илүү үр дүнтэй болов уу. Одоо иргэдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ ямар байгаа билээ. Иргэдэд дахин бэлэн мөнгө тараавал утгаа алдана шүү дээ.

Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Монгол Улсад өнөөдөр ямар нэгэн байдлаар зохиомол мөнгөний нийлүүлэлт хийж, улс төрийн амлалтаас болж бэлэн мөнгө тараахын эсрэг байр суурьтай байна. Учир нь Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт цар тахалтай холбоотойгоор буурч, бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсчихөөд байна. Энэ үнийн өсөлтөд бэлэн мөнгө тараах нь сөргөөр л нөлөөлнө. Энэ жилийн хувьд иргэдэд аль болох бэлэн мөнгө тараахгүй баймаар байна. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгө нь нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн халамж юм уу, хүүхдийн хэрэгцээнд зориулсан мөнгө үү гэдгээ ялгаж, салгах хэрэгтэй.

Тодорхой хэмжээгээр ард түмний амьжиргааны нөхцөл байдал дорой, бухимдалтай байхад улс төрийн өнгө аястайгаар ногдол ашиг нэрээр нэг хүнд хоёр сая төгрөг тараана гэж байгаа нь буруу.

Энэ бүхэнд иргэдийг буруутгах аргагүй. Улсын эдийн засаг өнөөдөр үнэхээр дорой байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд улсын эдийн засгаа өргөтгөж, ард түмний амьдралыг бодитоор сайжруулж чадсангүй. Улстөрчид энэ нөхцөл байдлаа саармагжуулж, ард түмнээс оноо авахын тулд халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулсан. Энэ бүхэн үе үеийн улстөрчдийн буруу. Цаашдаа халамжийн бодлогыг хумиж, улс төрийн амлалтуудыг хязгаарлах, ард түмний саналыг худалдаж авдаг явдлыг төрөөс зоригтойгоор зогсоох шаардлага байна. Баялгийн тэгш бус хуваарилалт буюу Хөгжлийн банк, нүүрсний хулгай, тендерийн будилаантай асуудлууд ард түмний бухимдлыг төрүүлж, ногдол ашиг авах хүлээлтийг улам дэврээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж