Цахим орчинд “FT group”, “familymart”, “wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ ашиглан иргэдээс 60-20000 ам.долларын барьцаа байршуулж, залилсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал, “FT group”, “Familymart”, “Wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ гар утсандаа татан ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс 60 ам.доллараас 20,000 ам.долларын барьцаа байршуулж, дээрх аппликейшнийг нэг жилийн хугацаанд нээлттэйгээр ашиглан сурталчилгаа түгээж, элссэн үнийн дүнгээс хамаарч, өдөр бүр 2-50 ам.долларын урамшуулал олгоно гэх үйл ажиллагаагаар иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд нь өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ оруулж, залилуулсан байжээ.
“FT group” аппликейшн нь манай улсын иргэдэд зориулан монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулсан. Дээрх залилах хэрэг нь 2022 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна.
Иймд иргэддээ дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор "Таны хохирлыг төлж барагдуулна", "Хохиролгүй болгож өгнө" гэх мэтчилэн хэн нэгний худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж, хохирсон бол цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ