Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос Украины залуу уран гулгагч Дмитрий Шарпарын үхэлд эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр 25 настай байсан бөгөөд Бахмутад болсон тулааны үеэр амь үрэгдсэн байна.
ОУОХ-ны мэдэгдэлд “Залуучуудын өвлийн олимпод оролцож байсан Украины уран гулгалтын тамирчин Дмитрий Шарпарыг таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн амиа алдсан Украин дахь олимпийн гэр бүлийн гишүүдэд эмгэнэл илэрхийлье. ОУОХ-ноос тэдний гэр бүл, найз нөхөд, Украины ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэжээ.
Тус хороо өнгөрсөн Лхагва гаригт болсон хурлаараа "Украины тамирчид болон Украины олимпийн нийгэмлэгтэй эв санааны нэгдлийн бүрэн бөгөөд гуйвшгүй амлалтаа үргэлжлүүлж, бүр бэхжүүлнэ" гэж амлажээ.
Дмитрий Шарпар залуучуудын өвлийн олимпийн уран гулгалтын хосын төрөлд Анастасия Побиженкотой хамт оролцож, аравдугаар байрт оржээ.
Украины Дотоод хэргийн яамны зөвлөх Антон Геращенко "Украины уран гулгагч Дмитрий Шарпар Бахмутын ойролцоох тулалдаанд нас барлаа. Дмитрий авьяаслаг уран гулгагч байсан бөгөөд залуучуудын олимпод оролцож байсан. Тэр үүрд 25 настай байх болно. Тайван нойрс, Дмитрий" гэж жиргэжээ.
Украины Спортын сайд, Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Вадим Гутцайт ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахаас Оросын тамирчдыг 2024 оны Парисын олимпод оролцохыг хориглохыг хүсчээ. Мөн өнгөрсөн сард Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины 180 гаруй тамирчин амь үрэгдсэн гэж мэдэгджээ.
Өнгөрсөн шөнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярихдаа Зеленский түүнээс Орос, Беларусийн тамирчдыг Парис 2024 олимпод оролцох боломжгүй болгохыг хүсчээ.