"Зудтай 5 сумын 2200 хүүхэд хичээлээс завсардах эрсдэлтэй байна"

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

"Зудтай 5 сумын 2200 хүүхэд хичээлээс завсардах эрсдэлтэй байна"

"Зудтай 5 сумын 2200 хүүхэд хичээлээс завсардах эрсдэлтэй байна"

НҮБ-ын Хүүхдийн сангийн баг цас, зудын байдалтай өвөлжиж буй Увс аймгийн Давс, Түргэн сум болон Ховдын Алтай, Үенч, Булган сумдад ажиллаж, газар дээр нь тодорхой дэмжлэг үзүүлсэн байна. Эдгээр сумдад хоёрдугаар сарын 1-нээс эхлэх хичээлээсээ завсардах эрсдэлтэй сургуулийн насны 2200 гаруй хүүхэд байгааг мэргэжилтнүүд хэллээ.


НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ЭВАРИСТЕ КОУАССИ КОМЛАН:

-Аливаа байгалийн гамшиг, онцгой байдлын үед хүүхэд, жирэмсэн эхчүүд хамгийн ихээр нөлөөг нь мэдэрдэг. Тиймээс бид тэдэнд нэн тэргүүнд тусламж үзүүлэх ёстой. Эрт тусламж үзүүлэх тусам урт хугацааны сөрөг нөлөөнөөс төдийчинээ хамгаалж чадна. Бид цаг алдах ёсгүй. Ховд, Увс аймгийн таван сумын нөхцөл байдалтай танилцаж, малчидтай ярилцсан. Жишээлбэл, Ховдын Булган суманд найман хүүхэдтэй өрх толгойлсон малчин аавтай уулзаж, ярилцсан. Том хүүхэд нь хотод суралцдаг. Ар гэрийн шалтгаанаар хичээлээсээ чөлөө авч, дүү нараа асрах шаардлагатай болсон. Аав нь зудтай нөхцөл байдалд малаа хариулахаас өөр аргагүй болоод байна.

Ер нь энгийн үед малчин өрхийн тэргүүн отроор малаа хариулж, эхнэр нь сумын төвд хүүхдүүдээ харж, хичээл сургуульд нь сургадаг дүр зурагтай байна.

Аймаг орон нутгийн захиргаа, малчидтай хамтран өвөлжилтийн бэлтгэл хангасан хэдий ч энэ өвөл урьд жилүүдээс илүү хүйтэрч, их цас орсон. Цасны зузаан 15 см-ээс нэг метр хүрч, хунгарласан байна. Өнгөрсөн зун баруун аймгийн ихэнх нутгаар ногооны гарц муу, гантай байсантай холбоотойгооор өвөлжилт хүндэрч, машин техник, бензин түлш, эм, өвс тэжээл зайлшгүй хэрэгтэй байна.

Хүүхдийн сангийн хүмүүнлэгийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Б.Цогтбаатар:

-Улсын хэмжээнд 11 аймгийн 22 сумын малчид зудтай өвөлжиж байна. Нэгдүгээр сарын эхний долоо хоног найман зудтай сум байснаас тавыг нь сонгон авч ажилласан. Хагас сар орчмын дараа найман сум нь 22 болж нэмэгдсэн. Эдгээр таван суманд сургуулийн насны 7000 гаруй хүүхэд байгаагаас 2200 орчим нь зуданд өртсөн малчин өрхийн хүүхдүүд байсан. Тухайн малчин өрх зудтай өвөлжиж байгаа нь бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Аав, ээж нь малаа хариулаад завгүй байгаа үед хүүхдүүд өөрсдийгөө болгож, даарч хөрөхгүйхэн гэртээ байж байна. Сумын эмнэлгүүд ихэвчлэн 10 орчим ортой байдаг. Бага насны хүүхдүүдийн ханиад хүндэрч, сумын эмнэлэг ачаалалтай болсон байна. Тиймээс зудын эрсдэлд байгаа хүүхдүүдийн хоол хүнс, дулаан хувцасны асуудал тулгарч байна. Ховд аймгийн Алтай суманд гэхэд 2000 гаруй толгой мал хорогдсон гэсэн.

Эдгээр сумдад хоёрдугаар сарын 1-нээс эхлэх хичээлээсээ завсардах эрсдэлтэй сургуулийн насны 2200 гаруй хүүхэд байна. Зам даваа нь цасанд боогдож, явах боломжгүй байна.

Бид эрсдэлийн нарийн үнэлгээг хийгээгүй. НҮБ-ын Хүүхдийн сангаас дөрвөн жил тутамд хүн амын хоол тэжээлийн судалгааг тогтмол хийдэг. Тэр судалгаагаар монгол хүүхдүүд бичил тэжээл, амин дэмийн дутагдалтай гэдгийг тогтоосон байдаг. Ялангуяа баруун аймгуудын бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд Д, А аминдэм 70-80 хувь хүртэлх дутагдалд орсон байдаг. Биднийг Увс аймгийн Түргэн суманд очихоос долоо хоногийн өмнө малаа хариулж байсан зургаан настай хүүхэд төөрч, сураггүй болсон. Тэр хүүхдийг 10 гаруй цагийн дараа сумын онцгой байдлынхан хайж, эсэн мэнд олсон. Энэ мэт зудтай аймгуудад бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг малчдад туслахыг уриалъя.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж