“Ёс зүйн үнэ цэн” сэтгүүл зүйн форум болж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

“Ёс зүйн үнэ цэн” сэтгүүл зүйн форум болж байна

“Ёс зүйн үнэ цэн” сэтгүүл зүйн форум болж байна

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тав дахь жилдээ зохион байгуулж буй “Сэтгүүл зүйн ёс зүйн форум” өнөөдөр /2023.01.27/ болж байна. Энэ удаагийн форум “Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийн хүрээнд болж байгаагаар онцлог. Жил бүрийн сэтгүүл зүйн форумаар салбар хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөвлөмжийг мөн нэгтгэн хүргэдэг. Өнөөдөр тус форумаар:

  • Ёс зүй, итгэл үнэмшлийн эрсдэл: Хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг сэргээх нь
  • Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэсэн сэдвийн хүрээнд үндсэн хоёр салбар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

"Ньюс" агентлагийн захирал Б.Батболд “Уншигчдын хандалт сошиал руу чиглэж байгаа энэ үед редакцтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ялгарах онцлогтой байх нь чухал. Тодруулбал, улс төр, нийгэм, соёл урлаг, энтертайнмент гэх мэт. Өнөөдөр Монголд төдийгүй дэлхий нийтэд уншигчид юу хүлээж байна вэ гэхээр тодорхой буюу хоолоор яривал миксердэж нухаш болгосон бэлэн мэдээллийг хүлээж авахыг хүсч байна. Цаг хугацаа, техник технологи хөгжихийн хэрээр товч тодорхой мэдээллийг уншигч илүүд үзнэ.

Гэтэл Монгол Улсад гуравхан хүнтэй сайт редакцтай гэж ярьж, өглөө нь хэвлэлийн хурал шууд дамжуулж, өдрийн дүндээ сурвалжлага, орой нь фэйсбүүк дээрх хандалт ихтэй бичлэг татаж, нийтэд мэдээлэл болгож цацаж байгаа нь зохисгүй.

Тиймээс редакцийн үзэл баримтлал, ялгарлыг нэн ялангуяа сайтуудад тодорхой болгохгүй бол нэг хэвлэлийн хурал дээр бүх мэдээллийн сайт очиж, ялгарах онцлоггүй шууд дамжуулж байна. Угтаа бол редакци ялгарах онцлогтой, бодлоготой, ёс зүйтэй байснаар уншигчдын үнэлэмж нэмэгдэнэ" гэв.

 

 

"Зууны мэдээ" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Сүүлийн жилүүдэд сонин захиалагчдын тоо буурсан. Ийнхүү уншигчдын тоо буурч байгаа нь хэвлэл мэдээллийн салбарт олон нийтийн сүлжээ идэвхтэй байгаагаас шалтгаалж уламжлалт хэвлэлийн уншигч багасч байна” гэлээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын оруулж буй хувь нэмэр” үндсэн илтгэлдээ хүн хийж байгаа учир алдаа гарна. Алдаа болгон санаатай, зорилготой байдаггүй. Алдааг нь олж харж, сануулж, засуулж урагшлахаас аргагүй. Энэ бол хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мөн чанар. Энэ жишээгээр сүүлийн зургаан жилд редакцид хаяглагдсан 500 гаруй өргөдөл, гомдлыг шүүхээс өмнө шатанд өөрийн зохицуулалтаар шийдвэрлээд байна” гэж хэлэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж