Газрын теннисний 2023 оны анхны "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд аваргын төлөө Беларусийн тамирчин Арина Сабаленка, Казахстаны тамирчин Елена Рыбакина нар тус тус шалгаран үлдлээ. Беларусийн тамирчны хувьд энэ удаагийн тэмцээнд одоогийн байдлаар ганц ч сэт алдаагүй байгаа нь түүний хэр форм сайтай байгааг илтгэж байна. Өмнөх тойргуудад тэрбээр Донна Векич, Белинда Бенчич, Элиз Мертенс зэрэг хүчтэй өрсөлдөгч нараа хожсон. Хагас шигшээ тоглолтод Польшийн Магда Линеттийг 7:6, 6:2 гэсэн харьцаатай хожиж анх удаагаа Их дуулгын финалд шалгараад байна.
Елена Рыбакинагийн хувьд хагас шигшээ шатанд энэ тэмцээний 2012, 2013 оны аварга Беларусын Виктория Азаренкаг 7:6, 6:3-аар хожив. Тус тэмцээний гол фаворитаар нэрлэгдэж байсан, дэлхийн чансааг тэргүүлэгч Польшийн Ига Швиантек, Латвийн Елена Остапенко, 2022 оны тус тэмцээний дэд байрын шагналт, АНУ-ын Даниел Коллинз болон Словакийн Каяа Жуван нарыг өмнөх тойргуудад тус тус хожсон билээ. Рыбакинагийн хувьд 2022 оны Уимблдонд түрүүлсэн амжилтаа бататгаж, хоёр дахь "Их дуулга"-аа хүртэх боломж бүрдлээ.
Сабаленка, Рыбакина нар хоорондоо өмнө нь гурван удаа тоглож байсан бөгөөд бүх тоглолтод Сабалаенка хожиж байжээ. Хүчтэй давуулалт, нүүрний шугамаас хүчтэй цохиж тоглодгоороо алдартай тус хоёр тамирчны тоглолт тун сонирхолтой болох нь гарцаагүй. Хамгийн сүүлд энэ хоёр тамирчин 2021 оны Уимблдонд таарч, гурван сэтэнд Сабаленка хожиж байв. Финалын тоглолт Улаанбаатарын цагаар маргааш /2023.01.27/ 16:30 цагаас болно.
Холбоотой мэдээ