"Цахим донтолтын цаана хүүхэд насны эмгэг нуугдаж байдаг"

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

"Цахим донтолтын цаана хүүхэд насны эмгэг нуугдаж байдаг"

"Цахим донтолтын цаана хүүхэд насны эмгэг нуугдаж байдаг"

Дээхнэ үед хүмүүс номын цагаан солио тусдаг байсан бол одоо үед сошиалд донтож байна. Сошиал донтолт гэж юу болох, донтсоноор ямар хор уршигтай талаар Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш, сэтгэл зүйч Ц.Шинэдолгортой ярилцлаа.


-Орчин үед хүмүүс олон нийтийн сүлжээнд ихэнх цагаа өнгөрүүлдэг болжээ. Цахимын "цагаан солиотой" хүмүүс олшрох боллоо?

-Нийгэм цаг үеэ дагаад, технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн шинэ хэрэглээ нэмэгдэх болсон. Гар утас, зурагт, цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөгөөр цахим донтолтод иргэд автаж байна. Үүнээс болоод сэтгэгчийн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Дэлгэцийн хамаарлаас болж, хүний зан чанар, гэр бүлийн харилцаанд хүүхдийн хөгжил, төлөвшилд их сөрөг нөлөө үзүүлж байна. Хүмүүс зөвхөн хүүхдүүд дэлгэцийн хамааралд өртдөг гэж ойлгодог. Гэвч насанд хүрэгчид ч адил дэлгэцийн хамраалтай болсон байдаг. Үүнээс үүдэн гэр бүл амьд харилцаа байхгүй болдог. Хүүхдэдээ гаргах чанартай цаггүй болсон нь хүмүүжил, хөгжилд нь маш их сөрөг нөлөө үзүүлж байна.

-Донтолт гэж яг юуг хэлээд байна вэ. Донтолт хүний хүмүүжил, амьдрах орчин, араншин, ажил төрлөөс үүдэлтэй юу?

-Донтолт нь хүнд түр зуурын тайтгарал тайвшрал өгдөг хэдий ч шунан дурлах тусам сөрөг үр дагаварт нь өөрөө зовдог.  Хор уршгийг нь мэдэж байгаа ч болих гэхээр чаддаггүй хүний тэр үйлдлийг "Донтолт" гэдэг. Жишээ нь архи, тамхи, мансууруулах бодис, дасгал хөдөлгөөн, экстрим спорт, сошиал медиа, мөрийтэй тоглоом, интернэт бооцоо, их идэх гээд донтолт олон янз. Тухайн хүн сэтгэлийн өвдөлтөөс зугтаасандаа ямар нэг юманд донтдог. Донтолтын цаана заавал хүүхэд насанд үүссэн сэтгэлийн зовиур, өвдөлт байдаг. Донтолтын яг гол  проблемийг шийддэггүй, наагуурх асуудлыг шийдээд явбал бүр том асуудал үүснэ.

-Тэгвэл хүн өдөрт хэдэн цагийг дэлгэц харахад зарцуулах нь зөв бэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, насанд хүрсэн хүн өдөрт хоёроос гурван цагийг дэлгэц харж өнгөрөөх нь хэвийн гэж үздэг. Харин гурваас дээш цагаар дэлгэц үзэх нь буруу. Тиймээс дэлгэцийн хамааралгүй байх дадалд суралцах хэрэгтэй. Харин хүүхэд тогтмол 30 минут дэлгэц харахдаа завсарлага авч, тархи болон нүдээ амраах ёстой. Дэлгэцийн хамаарлыг насанд хүрэгчид сурах, хөгжих, боловсрох, мэдээлэл солилцох арга хэрэгсэл болгон ашиглаж байгаа бол зохистой хэрэглээг чухалчилж үзэх хэрэгтэй. Учир нь хүнд хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд юм.

-Хүн өөрийгөө дэлгэцийн хамааралтай болсноо мэдэхгүй, хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ. Энэ хүн донтолтод автжээ гэдгийг яаж мэдэх вэ?

-Гар утас нь дугараагүй байхад дуу сонсогдоод, өөрийн мэдэлгүй шалгаад байдаг. Хүмүүс цахим донтсоноо байх нь элбэг.  Тухайн хүн өөрөө ухамсарлаж, хэрэглээндээ анхаарч, өөртэйгөө ажиллаж, өөрийгөө ажиглах хэрэгтэй юм. Мөн унтахын өмнө утсаа оролдохгүй бол нойр нь хүрэхгүй байх шинж тэмдэг илэрдэг бол дэлгэцийн хамааралтай болсон байна гэсэн үг.  Энэ нь хүний тархинд автоматаар орсон байгаагийн илрэл юм. Үүнээс болж мэдрэлийн холбоос үүсч, тархинд суусан дадал давамгайлж утсаа шалгах үйлдлүүдийг хийдэг юм.

-Цахим донтолтыг яаж эмчлэх нь зөв бэ?

-Сүүлийн үед Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд дэлгэцийн хамаарал, донтолтын асуудлаар хүүхдээс, илүүтэй насанд хүрэгчид хэвтэж байна. Мөн интернэт хэрэглээний талаарх  судалгаагаар, сошиал медиа ашиглагчдын дийлэнх хувийг 16-24 насныхан эзэлдэг. Донтолтоо мэдсэн тохиолдолд заавал сэтгэл заслын эмчилгээнд хамрагдахгүйгээр хүн өөртөө анализ хийх хэрэгтэй. Гэр утас хэрэглэж байгаа, цахимд сүлжээнд зарцуулж буй цаг хугацаагаа багасгах шаардлагатай.  Шууд болих биш бага багаар цахимд зарцуулах хугацаагаа багасгах нь үр дүнтэй. Хувь хүнийг донтолтоос гаргахын тулд гэр бүлийн хүрээндээ хэрэгжүүлбэл чухал үр дүн өгнө.

-Эрүүл мэнд, эдийн засгийн хувьд мэдээж сөрөг нөлөөтэй байх?

-Эхний ээлжид өөрийнхөө гар утасны хэрэглээнд анхаарал тавьж, хүүхдэдээ чанартай цаг гаргаад үз. Хүүхдээ юу үзэж сурч байгаад анхаарал хандуулж, хяналт тавих шаардлагатай. Сошиал хэрэглээ их байгаа нь эрүүл мэнд талаасаа хүний нүдний хараа муудах, тархинд ачаалал үүсч, нойргүйдэлд хүргэнэ. Тухайн хүн утсаа үзээд сууж байхад хэн нэгэн сатааруулахад уурлаж, тав тух нь алдагдах зэргээр зан чанарт нь өөрчлөлт орно. Цаашлаад бусад хүмүүст дам байдлаар нөлөөлж, гэр бүлийн таагүй харилцаа, хүүхдээ үл хайхрах байдал үүснэ. Энэ байдал цааш хэвээр үргэлжилбэл сөрөг нөлөө нь нэмэгдэнэ. Судалгаагаар сошиал медиа хэрэглээ нь сэтгэл гутрал, нойргүйдэл, сэтгэл зовнилд хүргэх нь нэмэгдсэн бөгөөд архи, тамхинаас ч илүү донтуулдаг гэж тогтоогдсон байдаг.

-Та сошиал хэрэглээ өндөртэй гэр бүлүүдэд зориулан уриалга хэлээч?

-Гэр бүлийн гишүүн бүр дэлгэц ширтээд сууж байгаа нь эмгэнэлтэй дүр зураг юм. Хэдий сошиал орчин хүн бүрийн хэрэглээ ч залуус болоод эцэг, эхчүүд гар утасны хэрэглээдээ анхаарал хандуулах цаг болсон. Тэгэхээр хүн бүрт "Гар утасны хэрэглээндээ анхаарч, зохистой хэрэглээг хэвшүүлье" гэж уриалмаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж