НҮБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

НҮБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ

НҮБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ

Нэгдсэн үндэстний байгууллага Украины дайны улмаас хүнс, эрчим хүчний хямрал, Covid-19 цар тахлын нөлөөлөл, өндөр инфляци, уур амьсгалын онцгой байдал зэргийг харгалзан дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллөө огцом бууруулж, 1.9 хувьд хүргэжээ.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн мэдээлснээр, одоогийн дэлхийн эдийн засгийн удаашрал “хөгжингүй болон хөгжиж буй орнуудыг хамарч, 2023 онд эдийн засгийн уналтад орох олон эрсдэл" тулгарч байгаа аж.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 178 хуудас бүхий тайлангийн өмнөх үгэндээ “Инфляци өсч, мөнгөний бодлогыг чангаруулж, улмаар тодорхойгүй байдал өсөн нэмэгдсэн энэ үед дэлхийн эдийн засгийн өсөлт өргөн цар хүрээтэйгээр саарах төлөв ажиглагдаж байна” гэж тэмдэглэжээ.

Тайланд дурдсанаар, 2023 онд дэлхийн эдийн засаг 3 хувиар өснө гэж таамаглаж байсан 2022 оны төсөөллийг бууруулж, 1.9 хувьд хүргэсэн нь сүүлийн олон арван жилийн түүхэн дэх хамгийн сул үзүүлэлтүүдийн нэг болжээ. Гэхдээ инфляци аажмаар буурч, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөлөл багасвал 2024 онд 2.7 хувьд хүрч сэргэх төлөвтэй байгаа аж.

НҮБ-ын тайланд бичсэнээр, энэ онд АНУ, Европын Холбоо /ЕХ/ болон бусад хөгжингүй орнуудын өсөлтийн эрч сулрах төлөвтэй байгаа нь дэлхийн бусад улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.

2022 онд 1.8 хувийн өсөлт үзүүлсэн АНУ-ын ДНБ 2023 онд ердөө 0.4 хувиар өсөх тооцоо гараад байна гэж НҮБ мэдээлжээ. Мөн Украины дайн хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж, эрчим хүчний өртөг болон инфляци өсөж байгаагийн зэрэгцээ санхүүгийн хүнд нөхцөл байдал нь өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгаа энэ үед Европын олон орон “хөнгөн хямрал”-д өртөх эрсдэлтэй байна.

НҮБ-ын мэргэжилтнүүд Зүүн Азийн орнуудын хувьд эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны төсөөллөөс /3.2 хувь/ нэмэгдэж, 4.4 хувьд хүрснээр бусад бүс нутагтай харьцуулахад хүчтэй өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа ч эдийн засгийн сэргэлт эмзэг хэвээр байна гэж үзэж байна.

Өнгөрсөн онд 5.6 хувиар өссөн Өмнөд Азийн орнуудын эдийн засаг энэ онд хүнс, эрчим хүчний үнийн өсөлт, мөнгөний хатуу бодлого, санхүүгийн эмзэг байдал зэргээс шалтгаалан 4.8 хувийн өсөлт үзүүлэх магадлалтай байна.

Гэхдээ энэ онд хүн амынхаа тоогоор Хятадыг гүйцэж түрүүлэх төлөвтэй байгаа Энэтхэгийн өсөлт хүчтэй хэвээр буюу 5.8 хувьтай гарах тооцоо гарчээ. Энэ нь 2022 оны төсөөллөөс /6.4 хувь/ бага зэрэг сул үзүүлэлт юм.

Баруун Азийн газрын тос олборлогч орнуудын хувьд өндөр үнэ хийгээд олборлолт, аялал жуулчлалын салбарын сэргэлтийн ашиг тусыг хүртэнэ гэж НҮБ мэдээлсэн байна. Харин газрын тос олборлодоггүй орнуудын эдийн засаг сул хэвээр байж, 2022 онд 6.4 хувьд хүрнэ гэж төсөөлж байсан бүс нутгийн дундаж өсөлт 3.5 хувьтай байх төлөвтэй байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж