Сурвалжлага: "Шинэ автобустай болсон ч ялгаагүй л хүлээж байна"

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Шинэ автобустай болсон ч ялгаагүй л хүлээж байна"

Сурвалжлага: "Шинэ автобустай болсон ч ялгаагүй л хүлээж байна"

Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмж түгжрэлийн бас нэг гол шалтгаан болдог. Хүйтэн, бохироос гадна хүртээмж, хүрэлцээ муу нийтийн тээвэр парк шинэчлэл хийж байгаагаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн.  Эхний ээлжинд 100 гаруй шинэ автобус импортолж, үйлчигээнд гаргажээ.  Гэвч автобус хүлээх хугацаа их, автобусны хүртээмж муу хэвээр байгааг иргэд шүүмжлэв.

Идэр есийн хүйтэн өвлийн өдрүүдэд автобус хүлээх нь тэсвэр тэвчээр багагүй шаарддаг болсон. Сүхбаатарын талбайн урдах,  Ленин клубын буудал дээр автобус хүлээн зогсох иргэд цөөнгүй. Багагүй хугацаанд хүлээсний эцэст будаг нь ханхалсан шинэ автобусанд суув. Хуучин, хугацаа нь хэдийнэ дууссан автобусыг бодвол тохитой, дулаахан, цонх нь цантаагүй. Хүйтэн, хөргөгч шиг автобусаар үйлчлүүлж, хөлдүүс болохоо дөхдөг байсан нийслэлчүүдийн хувьд шинэ автобусанд ам сайтай байна.

Шинэ автобус нийт 42 чиглэлд явж байна. Автобусны шинэхэн танил  Т.Мөнхбаяр “Шинэ автобусанд сууж үзлээ.  Хуучин автобусаа бодвол дулаахан, тохитой юм. Өмнө нь нийтийн тээвэрт үйлчилж байсан ягаан, цэнхэр автобус хүйтэн, эвдэрхий хүндхэн байдалтай байсан. Гэхдээ  багагүй хугацаанд автобус хүлээдэг нь хэвээрээ. Хичээл, сургууль орохоор бүр олдохгүй болох байх” гэв.

Түүний хажууд сууж явсан Ж.Бадамжханд "Өнөөдөр анх удаагаа шинэ автобусанд сууж явсан. Дулаахан, сайхан байлаа. Гэвч автобус хүлээх цагийн хувьд ялгаа гараагүй. Замын түгжрэл, автобус удаан хүлээдэг байдал яг хэвэндээ байна” гэж хэлсэн юм.

Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт огт хийгдээгүй өдий хүрч буй. Харин 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэж албаныхан мэдээллээ. Үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас авсан тоон мэдээллээр, нийтийн тээврээс 2022 онд 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байна гэсэн мэдээлэл өглөө.

"ХОЁРДУГААР САРЫН ДУНД ҮЕЭР ШИНЭ АВТОБУСУУД ИРНЭ"

Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн автобус гарч, иргэдэд үйлчилж буй болон шинэ автобусууд хэзээ ирэх талаар тодрууллаа.

-Шинээр орж ирсэн автобусуудыг хэдэн чиглэлд үйлчилгээнд явуулж байна вэ?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд орж ирсэн автобусуудыг бид бүртгэлийн санд бүртгээд, үйлчилгээнд гаргасан. Тодруулбал, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын 29, "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын 13 чиглэл буюу нийт 42 чиглэлд иргэдэд үйлчилж буй.

-Автобусуудыг ямар байдлаар хуваарилж байна вэ?

-Нийтийн тээвэрт 2009 оноос хойш томоохон парк шинэчлэл хийгдээгүй тул хуучин автобусууд үйлчилгээнд явах замдаа эвдэрдэг, хүйтэн, тухгүй зэрэг олон асуудал байсан. Тиймээс бид үйлчилгээнд явах боломжгүй болсон автобусны оронд шинийг гаргах буюу нөхөн хангалт хийж байна. Ингэхдээ зорчигчдын урсгал ихтэй чиглэлүүдэд хүлээгдлийн хугацааг багасгахад анхаарал хандуулж байна.

-Парк шинэчлэлийн хүрээнд дараагийн ээлжийн автобусууд хэзээ орж ирэх вэ?

-Шинэ автобусууд ирэх хоёрдугаар сарын дунд үеэр ирнэ. Үүнтэй холбоотой бэлтгэл ажил, төлөвлөлтийг хийгээд явж байна.

-Автобусны чиглэлийн төлөвлөлтөд өөрчлөлт орсон уу?

-Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөсөн. Тухайлбал, Жанжин-Кино үйлдвэр чиглэлийн эргэлтийн урт 10.9 км, хугацаа нь 48 минут болно. Энэ чиглэлд есөн автобус хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр хүлээгдлийн хугацаа 4-8 минутаар багасах юм. Гэхдээ шинээр оруулж ирэх автобусны тоо, хугацаатай уялдуулаад чиглэлийн төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

-Шинэ автобусны талаар иргэдээс ямар нэгэн санал, гомдол ирж байна уу?

-Тухтай, дулаан, цонх нь цантахгүй гээд зорчигчид ам сайтай байна. Мөн автобус хүлээгдлийн хугацаа багассан зэрэг давуу талыг хүмүүс онцолж байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон. 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэж албаныхан мэдээллээ.

Шинээр ирсэн автобусны техникийн үзүүлэлтээс онцолбол:

  • Евро стандартын шаардлага хангасан, 8,400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй
  • Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон
  • Хажуу цонх нь нэг комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог
  • Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй
  • Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай
  • Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай
  • Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан
  • Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай юм байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж