ЦЕГ: "FT Group” апп руу шилжүүлсэн мөнгийг царцаах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

ЦЕГ: "FT Group” апп руу шилжүүлсэн мөнгийг царцаах боломжгүй

ЦЕГ: "FT Group” апп руу шилжүүлсэн мөнгийг царцаах боломжгүй

Цахим залилан, сүлжээний бизнесийн талаар монголчуудын мэдлэг нимгэн байсан цаг саяхан. Сүүлийн жилүүдэд “Бэлтэс мөрөн”, “Жи тайм” зэрэг цахим залилангийн мэдээллүүд ил болж, хүмүүсийн чих онгойсон ч дараагийн өөр нэг сүлжээнд дахин итгэж, мөнгөө алдах эрсдэл учирсаар байна. Үүний жишээ бол “FT Group” гэх сүлжээ.

Тус сүлжээний бизнесийн хохирогчдын тоо албан бусаар 400 мянга гаруй болж, алдсан мөнгөн дүнг урьдчилан тооцоолох боломжгүйд хүрчээ. Эдгээр хохирогчдын ихэнх хувийг монголчууд эзэлж байгаа гэх мэдээлэл ч гарсан. Бид хэчнээн хүн залилуулж, хэдий хэмжээний мөнгөн хохирол учирсан гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх талаар тодрууллаа.

ЦЕГ-аас “Хохирогчид Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд өргөдөл гомдлоо өгч эхэлсэн. Одоогоос хоёр хоногийн өмнөөс эхлэн тус цахим залилангийн хохирогч болсон гэх иргэд өргөдөл өгч байна. Одоогоор мөнгөн дүн, нийт залилуулсан хүний тоог гаргах боломжгүй” гэж мэдээлэв.

“FT Group” сүлжээнд монголчууд нэгдсэн нь үнэн бөгөөд албан бус мэдээллээр 25 тэрбум төгрөгийг хохирогчид алдсан байна.

Хохирогчдын цахим хуудаст бичсэн мэдээллээс харвал, иргэд багадаа 5-10 доллараар элсч, өөрийн бүртгэл доороо хүмүүсийг нэмж, түүнээсээ тодорхой хувийн ашиг авах хэлбэрээр явдаг аж.

Эхний удаад элссэн хүмүүс ашгаа авснаар дараагийн хүмүүст итгэл төрж, өөр хүмүүсийг уг сүлжээндээ нэгтгэсэн байна. Энэ мэтчилэн тус залилангийн хүрээ тэлж, хүмүүсийн сонирхлыг татаж байгаад устсан болохыг иргэд бичжээ. Тиймээс хохирогчид цахим хуудаст бүлэг үүсгэж, хохирогчдын гарын үсгийг цуглуулан, өргөдөл гомдлыг нэгтгэж, цагдаагийн байгууллагад хандаж эхэлсэн байна.

ИРГЭД НЭГЭНТ МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН БОЛ ЦАРЦААХ БОЛОМЖГҮЙ

Цагдаагийн байгууллагаас “FT Group” сүлжээнд нэгдсэн хүмүүс шилжүүлсэн мөнгөө царцаах боломжтой эсэх талаар асуусаар байгаа аж. Тус гадаад данс руу нэгэнт мөнгөө илгээсэн бол царцааж, эргүүлж авах үйлчилгээ хийх боломжгүй байдаг байна.

“FT Group” гэх хайлтыг Монгол Улсаас Google дээр хамгийн их хайж буй бөгөөд энэ цахим бизнесийн хохирогчдын ихэнх нь монголчууд байх боломжтой. Гэхдээ одоогоор 400 гаруй мянган хүний хэд нь монгол гэдгийг тогтоогоогүй байгаа аж.

Мөн Монгол Улсаас гадна Танзани, Нигер, Өмнөх Африк гэх улсад энэ групп залилан дэлгэрчээ. Уг цахим залилан Монголд өнгөрсөн оны наймдугаар сард нэвтэрсэн бөгөөд 11-12 дугаар сард хандах хүмүүсийн тоо өсчээ.

Уг залилан нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт, мөн Санхүүгийн зохицуулах хороонд огт бүртгэлгүй, буух эзэнгүй, буцах хаяггүй, эзэн холбогдогч тодорхой бус байна.

Хохирогчид хэлэхдээ, Монгол Улсын хуулиар хориотой Эрүүгийн тусгай ангийн тухай хуулиар залилан гэж тодорхойлогдон заагдсан үндэстэн дамнасан санхүүгийн понзын залилангуудын нэг болохыг мэдээгүй гэжээ. Ямартай ч цагдаагийн байгууллагаас хохирогчдын өргөдлийн дагуу шалгах юм байна.

ПОНЗИ СХЕМ БУЮУ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЛУЙВАР

Иргэдийн их хэмжээгээр мөнгө алдаж буй дээрх сүлжээ нь понзи схем. Энэ нь 1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзийн гаргаж ирсэн хөрөнгө оруулалтын луйврын систем юм.

Энэхүү схемийн бүтэц заавал пирамид байх албагүй бөгөөд понзи схемийн удирдагч хүмүүсээс мөнгийг нь “хөрөнгө оруулалт” гэж хэлж авах ч юунд, хэрхэн хөрөнгө оруулалт хийж буй талаар дурддаггүй байна.

Тийм учраас хөрөнгө оруулалтаас олох ашиг нь хаанаас ирж байна вэ гэдгийг хэн ч мэдэх боломжгүй. Харин хөрөнгө оруулалтын ашгаа хүртсэн хүмүүсийг даган дуурайж, хөрөнгө оруулахаар ирсэн шинэ хүний төлбөрөөр өмнө элссэн хүнээс авсан өрөө төлөхөд л ашиглагддаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж