Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн хэмнэлтийн хууль батлагдсантай холбогдуулан төрийн байгууллагуудыг шинээр автомашин худалдан авахыг зогсоосон төдийгүй эзэмшилд нь байгаа ашигладаггүй, зөвшөөрсөн тоо хэмжээнээс илүү автотээврийн хэрэгслийг худалдах ажлыг зохион байгуулж буй юм. Энэ дагуу Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй TOYOTO LAND GRUISER-80 маркийн 1993 онд үйлдвэрлэгдсэн 2008 оны гуравдугаар сарын 11-нд ашиглалтад орсон 32-09 СҮА улсын дугаартай суудлын авто машиныг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаалахаар болжээ.
Дуудлагаар худалдаалах автомашины доод үнийг 9.5 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд дэнчингийн хэмжээ 2,375000 төгрөг бол оролцох иргэний хүсэлтийг ирэх хоёрдугаар сарын 15-наас өмнө хүлээн авах аж.
Сануулахад, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь өнгөрсөн хугацаанд нийт 360 автомашин татан төвлөрүүлсэн байна. Эдгээрээс 110 автомашиныг ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар шилжүүлсэн бол 150 орчим автомашиныг дуудлага худалдаанд оруулж, зарахаар шийдвэрлэсэн юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ