Дэлхий нээлттэй, гэхдээ хүн бүрт лав биш

Хуучирсан мэдээ: 2023.01.27-нд нийтлэгдсэн

Дэлхий нээлттэй, гэхдээ хүн бүрт лав биш

Дэлхий нээлттэй, гэхдээ хүн бүрт лав биш

Англи-Энэтхэгийн нэрт зохиолч Салман Рушди нэгэнтээ “Надад байсан хамгийн нандин ном бол миний паспорт” гэж хэлсэн байдаг. Салман Рушди тууж, богино өгүүллэг, эссэ, аяллын тэмдэглэл гэх мэт олон арван бүтээлээ хэвлүүлж, магтаал шүүмжийн аль алийг нь сонсч байсан. Гэхдээ дэлхийн тавцанд уран зохиолын карьераа үр дүнтэй бөгөөд саадгүй үргэлжлүүлэх боломж олгосон гол зүйл нь Их Британийн паспорт байсан гэдгийг тэр хүлээн зөвшөөрдөг. Үүгээрээ тэр Энэтхэгийн паспортыг ямар ч ашиггүй зүйл гэж үзсэн байна. Тэр 1950-аад онд бага залуудаа Энэтхэгт амьдардаг байсан. Энэтхэгийн паспортоор цөөн хэдэн орон руу л аялж болдог гэж тэр голонгуй хэлжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа паспорт эзэмшигчид урьд өмнө байгаагүйгээр олон оронд зорчих зөвшөөрөл авч байна. “The Passport Index”-ээс эрэмбэлэснээр “Дэлхийн нээлттэй байдлын оноо” 2022 оны сүүлээр бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. Энэ оноо цаашид ч өсөх төлөвтэй байна. Цар тахлын хязгаарлалтууд суларснаар дэлхий дахинд виз хүсэгчдийн тоо 18.5 хувиар өсчээ. Гэхдээ хамгийн хүчирхэг болон хамгийн сул паспортуудын хооронд асар том ялгаа байсаар байна. Энэхүү ялгаа хүмүүс хаашаа зорчих, хаана амьдрах, хаана ажиллах боломжид ихээхэн нөлөө үзүүлдэг.

НҮБ-аас хүн бүр аль ч улсаас яваад, аль ч улсад очих эрхтэй гэж тунхагладаг ч үнэн хэрэгтээ бүх паспорт ижил тэгш байдаггүй нь харамсалтай.

“Аялал жуулчлалын үнэмлэх: Паспортын соёлын түүх” нэртэй номд аяллын бичиг баримтын хувьсал өөрчлөлт, паспорт эзэмшигчдийн сэтгэл хөдлөл, төсөөлөлд хэрхэн нөлөөлсөн талаар бичсэн байдаг. Рушди тэргүүтэй зохиолч, уран бүтээлчид паспортын эрх чөлөөний тэгш бус байдлыг тогтоох, эсэргүүцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Цагаачдын хямрал, өвчний дэгдэлт, цэргийн мөргөлдөөн, эдийн засгийн сорилтууд, үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа ч дэлхий илүү нээлттэй хандлагатай болж байна.

Хүссэн ч хүсээгүй ч пасспорт нь геополитикийн дарааллаараа бидний хэн бэ гэдгийг тодорхойлдог. Дэлхийн баячууд илүү сайхан ирээдүйтэй байдаг нь гайхмаар зүйл биш.

Арабын нэгдсэн Эмират улсын паспорт эзэмшигчид 181 улс руу зорчих эрхтэй байдаг бол АНУ-ын паспорт эзэмшигчдийнх 173 улс байдаг. Жагсаалтын сүүл хэсэгт ердөө 39 улс руу нэвтрэх эрхтэй Афганистан улс орж байна. Сири, Ирак, Сомали, Бангладешийн паспорт эзэмшигчид Афганистанаас арай дөнгүүр эрэмбэлэгджээ. Эдийн засгийн хүндрэл, гадаадын түрэмгийлэл зэрэг олон шалтгааны улмаас зарим үндэстний паспорт доогуур эрэмбэлэгдэж байна. Харин Салман Рушдигийн голсон Энэтхэгийн паспортоор 71 оронд зорчих боломжтой.

УРАН БҮТЭЭЛЧДИЙН ДУУ ХООЛОЙ

Паспортын ялгаатай байдал хүмүүст хэрхэн нөлөөлдөг бол? Германы нэрт бүжиг дэглээч Хелена Валдманн энэ ялгааг судалж, 2017 онд гаргасан “Сайн паспорт, муу паспорт” бүжгийн бүтээлдээ шигтгэжээ. Тэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бүжигчид, уран бүтээлчидтэй аялж байхдаа “муу” паспорттой хүмүүсийг ширүүн байцааж, хил нэвтрэх явцыг нь удаашруулж байхыг нүдээр харсан байна. Харин Валдманн өөрөө “сайн” Герман паспортын ачаар гааль, цагаачлалын үйл явцыг хурдан бөгөөд хялбар давж гарч байсан аж.

“Сайн паспорт, муу паспорт” бүжиг эв нэгдлийн тухай гайхалтай мессэжийг үзэгчдэд өгснөөр дуусдаг. “Хэзээ нэгэн цагт улсын хил байхгүй болно гэдэгт би итгэж байна” гэсэн тунхаглалаар бүжиг дуусч, бүх уран бүтээлч тайзны урд алхаж гарч ирдэг.

Паспортын ялгааны талаар Хятадын нэрт зураач Ай Вэйвэй “Хүний урсгал” нэртэй баримтат кинондоо онцолж байв. Тус баримтат кинонд шилжин суурьшигчдын хямралын цар хүрээг харуулдаг. Грек-Македонийн хил дээрх цагаачдын хуаранд бороо асгарсан нэгэн өдөр Сирийн дүрвэгчтэй ярилцаж зогсоо Ай Вэйвэйг уг киноноос харж болно.

Хил хязгааргүй, паспортын хяналтгүй ертөнц гэдэг холын мөрөөдөл байж болох ч энэ нь уран бүтээлчдийг төсөөлөн бодоход саад болоогүй юм.

Энэ паспорт таных, бүх хүнд, бүх улсад хүчинтэй

Хаа яваа газраа авч явна, тамга, визний шаардлагагүй

Хүсвэл үлдээгээд явна, хугацаа нь дуусна гэж байхгүй

Та үүнээс татгалзаж болно, эсвэл хэд хэдээрээ ч танд байж болно, энэ бол аль нэг засгийн газар, хаан хатны өмч биш

Хүсвэл гэртээ үлдээчих, эсвэл хогийн саванд хаячих, хэн ч танаас шаардахгүй

Хүсвэл далайд үйчих, тэгээд бэх нь урсч, хуудас нь урагдаж, халтар хултар царай тань давлагаанд арчигдан, давсанд бүдгэрэхийг хар

Хүсвэл салхинд хийсгэчих, эрвэлзэж дэрвэлзсээр салхи хөлөглөн нисэхийг нь хар

Хүсвэл та өөртөө аваад яв /Пассапорт шүлгийн хэсгээс/

Мальта улсын зохиолч Антуан Кассар 2009 онд “Пассапорт” нэртэй эсэргүүцлийн шүлгээ өөрийн улсын паспортыг дуурайлган хийсэн улаан хавтастай жижиг форматаар хэвлүүлжээ. Тэрбээр энэ бүтээлдээ олон улсын паспортын тогтолцоог гажуудуулж буй хүчин зүйл, ялгаварлан гадуурхалт зэргийг эсэргүүцсэн 250 орчим мөр шүлэг багтаасан байна. Уг шүлэгт гааль, шалган нэвтрүүлэх цэг гэж байхгүй, элдэв маягт, бичиг баримт, биометрийн мэдээлэл шаардлагагүй ертөнцийг төсөөлсөн байдаг. Элсэн цөлийг хөл нүцгэн гатлах шаардлагагүй, сал хөлөглөн гол гатлах шаардлагагүй итгэл найдварыг маршрутаа болгосон тийм л ертөнцийн талаар тэнд бичжээ.

Эх сурвалж: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж