БНСУ-ын КТ Группийн “БиСи карт” байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

БНСУ-ын КТ Группийн “БиСи карт” байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулав

БНСУ-ын КТ Группийн “БиСи карт” байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулав

Монголбанканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд Үндэсний төлбөрийн системийн дэд бүтэц ялангуяа Банк хоорондын төлбөр тооцоо, Төлбөрийн картын программ, техник хангамжийг хөгжүүлж олон улсын жишигт хүрснээр дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагын төлбөрийн системтэй санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээ саадгүй дамжуулах боломж, нөхцөл хэдийнэ бүрдээд байна.

Бидний зүгээс төлбөрийн системийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлснээр Үндэсний брэнд ₮ картыг хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарцыг бий болгох зорилт тавьж ажиллаж ирсэн. Энэ зорилтын хүрээнд Монголбанк болон БНСУ-ын КТ Группийн охин компани болох “BC Card (БиСи карт)” байгууллага хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан.

Санамж бичгийг байгуулснаар манай улсын төлбөрийн картын зах зээл нэлээдгүй тэлэх, иргэд дотоодын ₮ картаараа олон улсад гүйлгээ хийх хөгжлийн дараагийн шатанд шилжих чухал алхам болсон гэж үзэж байна. Хамтын ажиллагааны энэ хүрээнд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар болон БиСи карт байгууллагын Ерөнхийлөгч Вон Сок Чой нар “Хамтран ажиллах гэрээ”-д 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Тус гэрээг байгуулснаар Үндэсний брэнд ₮ картыг Солонгос Улсад, БиСи картыг Монгол Улсад харилцан төлбөрт хүлээн авах боломж бий болоход нэг алхам ойртлоо. Нэг талаас хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бизнес, хөдөлмөр эрхлэгч, аялал зуучлалаар хоёр улсад зорчих иргэд дотооддоо ашигладаг картаараа төлбөр тооцоогоо түргэн, шуурхай, найдвартай гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас ямар нэгэн хууль, эрх зүйн орчны хязгаарлалтгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах ач холбогдолтой юм. Энэхүү хамтын ажиллагааг амжилттай гүйцэтгэснээр, БиСи карт байгууллагын 3.2 сая ширхэг мерчант байгууллагаас үйлчилгээ авахдаа дотоодын ₮ картаар төлбөр төлөх боломжтой болно.

БиСи карт байгууллагын хувьд БНСУ-ын харилцаа холбооны томоохон операторын нэг болох КТ Группийн охин  компани бөгөөд 1983 онд үүсгэн байгуулагдсан. Тус улсын төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч анхны компаниудын нэг юм. Одоогийн байдлаар 30 сая орчим карт гаргаж, жилд 5 тэрбум гүйлгээг дамжуулж байгаа нь Ази-Номхон далайн бүс дэх хамгийн том карт хүлээн авагч болж байна.

Монголбанк нь Үндэсний брэнд ₮ картыг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг бэлгэдэн нэрлэж, банкуудтай хамтран гаргах ажлыг 2012 онд амжилттай зохион байгуулсан. 2022 оны байдлаар 2.4 сая ширхэг ₮ карт ашиглагдаж байгаа бөгөөд энэ нь нийт картын зах зээлийн 55 хувийг дангаараа эзэлж байна.

Эх сурвалж: Монголбанк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж