МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 2022 оны наймдугаар сард захирамж гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилж, дөрвөн намын даргыг бүрэлдэхүүнд нь багтаасан. Тодруулбал, Иргэний зориг, ногоон намын дарга Ц.Ганхуяг, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, Монголын үндэсний ардчилсан намын дарга асан Б.Цогтгэрэл, Шинэ намын дарга Ц.Гантулга нар багтсан билээ.
Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Иргэний зориг, ногоон намын дарга асан Ц.Ганхуяг, Монголын үндэсний ардчилсан намын дарга асан Б.Цогтгэрэл, судлаач Д.Сүхжаргалмаа, Шинэ намын дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцов.
"УЛС ХӨГЖИХГҮЙ, ИРГЭД ЯДУУ БАЙГАА НЬ ҮНДСЭН ХУУЛИАС БИЙ БОЛСОН УЖИГ ХЯМРАЛ"
Иргэний зориг, ногоон намын дарга Ц.ГАНХУЯГ:
-Дөрвөн нам нэгдэж, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд боловсруулсан Үндсэн хуулийн төслүүдээ нэгтгэж, нэг төсөл болгож боловсруулсан. Энэ дагуу даалгавар гарсан нь Ерөнхий сайдын захирамж. Бид төслөө боловсруулаад, 2023 оны нэгдүгээр сарын 3-нд албан ёсоор Ерөнхий сайдад гардуулж өгсөн. Биднийг төслөө нягт, нямбай танилцуулж амжаагүй байтал хэвлэлээр үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд явсан. Хуульч эрдэмтдийн дийлэнх нь шилжилтийн Үндсэн хуулийг халах цаг нь болсныг зөвшөөрч байна. Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн 70 хувь нь шинэ Үндсэн хуулийг хэлэлцэхийг шаардсан. Өнгөрсөн онд улс төрийн 24 нам "Шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй" гэж нэгдээд, Төрийн ордонд тунхаглалд гарын үсэг зурсан. Төр муу байгаа, Үндсэн хууль муу байна. Төр авлигатай байна уу? Төрд хулгай нүүрлэж байна уу? Төр дарангуйлагч болсон уу? Хонгилын шүүх ажиллаж байна уу? 650 хууль хүний эрхийг зөрчиж байна уу? Төр чадваргүй, хариуцлагагүй болсон уу? Төрийн дээр нам гарсан уу? Үндсэн хуулийн дээр улс төрийн нам гарсан уу? Улс яагаад хөгжих, иргэд яагаад ийм ядуу байгаа юм бэ? Энэ бүхэн Үндсэн хуулиас бий болсон ужиг хямрал юм гэж бид бүхэн үзэж байна. Тийм ч учраас 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг халах цаг ирсэн гэж үзэж байна.
"ҮНДСЭН ХУУЛЬ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН УЧРААС ШИНЭ ХУУЛИАР СОЛИХ ЦАГ ИРЖЭЭ"
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.ЭНХБАЯР:
-1992 онд батлагдсан Үндсэн хууль бол маш чухал хууль байсан. Тэр үед бид цоо шинэ тогтолцоо руу шилжиж орохоос өөр аргагүй байдалд байсан. Гадаад, дотоод бүх нөхцөл байдал тэгж бүрдсэн байсан. Бид 1992 оны Үндсэн хуулиа хийхдээ нам төвтэй харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжье гэж томъёолсон байдаг. Шинэ Үндсэн хуульдаа "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага" гэж томъёолсон. Тэр тогтолцоо, тэр зохицуулалтаас болоод харамсалтай нь төр засаг хяналтаас гарсан. Хяналтаас гарсан төр засаг ард түмний бухимдлыг төрүүлээд, хянах хүсэлтэй хүмүүс нь хянаж чадахгүй, хулгай зэлгийг зогсоож чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй ард түмэн бухимдаад байна. Одоо олон улсын харилцаа ч тийм болж байна.
Нийгмийн захиалга юу байна вэ гэхээр хүн төвтэй, хүн төр засгаа хянадаг, иргэн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга өөрийн эрхгүй судлаачид, социологичид, эрдэмтэд, төрийн бус байгууллагууд, жирийн иргэдээс гарч байна. Энэ төсөл төр төвтэй буюу хэний ч хяналтын гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай нийгмийн харилцаа руу шилжих цаг ирлээ гэж үзэж, 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн зөв, хамгийн хурдан, ард түмэн хамгийн их ашигтай гарц гэж үзэж, боловсруулсан. 1992 оны Үндсэн хуулийг муулаад байгаа юм биш. Үүргээ гүйцэтгэсэн учраас өөрчлөх цаг иржээ.
Энэ Үндсэн хуулийн асуудлыг бид ярьсан юм биш. 20 гаруй нам Үндсэн хуульд шинэчлэл хийе гэж тунхаг бичигт гарын үсэг зурсан. Саяхан болсон Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн ард түмний том уулзалт дээр Ерөнхий сайд илтгэл тавьж, гурван гарц байгааг тэнд буй хүмүүст хэлсэн. Нэг нь, юу ч хийхгүй яг хэвээр нь байлгая гэж. Хоёрт, тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулъя гэж. Гурав дахь нь, цоо шинэ Үндсэн хуультай болъё гэсэн.
МАХН, МАН хоёр жил гаруйн өмнө нэгдэж байхад бид энэ асуудлыг бас ярьж байсан. Үндсэн хуулийн хямрал эргээд улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал болох гээд байна. Бүгдээрээ сайхан Үндсэн хууль болгох юмсан, тэгж ард түмнээ баярлуулах юмсан, байгалийн баялгийг нь ард түмэндээ өгчих юмсан гэж ярилцсан.
Тийм учраас У.Хүрэлсүх ерөнхийлөгч сонгуульд оролцож байхдаа "Баялгийн эзэн монгол" гэсэн лоозонтой орж байсан шүү дээ. Тэрний цаад санаа нь баялгаа ард түмэндээ өгье л гэсэн санаа.
Хоёр танхимтай парламент гэдэг энэ тогтолцоог үндсээр нь өөрчилье гэсэн үг. Зөвхөн нэмэлт өөрчлөлтөөр хоёр танхимтай парламент хийж болохгүй шүү дээ. Энийг цоо шинэ Үндсэн хуулиар хийхээс өөр арга байхгүй. Хоёр танхимтай парламентаар намууд нь ч нэг танхимд орог, нөгөө танхимд нь иргэд тэрийгээ хянаж байдаг нам бус зарчмаар орог гэсэн зарчим байгаа юм. 20 гаруй нам 10 гаруй жилийн турш шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад яваад байгаа байхгүй юу. Нийгмийн захиалга бий болоод байгаа учраас энэ ажлыг явуулъя, төслөө боловсруулъя, ард түмнээрээ хэлэлцүүлье гэдэг нийгмийн шаардлага байгаа учраас Л.Оюун-Эрдэнэ залуу хүний хувьд мэдрэмжтэй хандаад, намууд та нар ажилла л даа, биднийг шүүмжлээд суухын оронд саналаа хэл л дээ, та нарын саналыг аваад, ард түмнээрээ хэлэлцүүлье дээ гэсэн сайхан сэтгэлийг агуулсан байхгүй юу.
Өмнөх Үндсэн хуультай яг адилхан хуулийн төсөл гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл, жишээлбэл тангарагтны шүүхийн асуудал, орон нутгийн өөрөө удирдах ёсны тухай асуудал Шинэ намын төсөлд туссан, байгалийн баялгийг ард иргэддээ өмчлүүлэх тухай асуудал МҮАН-ын төсөлд нэлээд туссан.
Энэ завшааныг ашиглаад хэлэхэд, Ерөнхий сайд залуу хүн, цаг үеэ мэдрээд, дахиад нэг шинэ цаг үе эхлүүлэх гээд байна, залуучууддаа, монголчууддаа. Түүний төлөө заримдаа өөрөө шууд хэлчих гэхээр янз янзын байдлаар мушгиад, "Ганцхан танай нам мэддэг юм уу", "Ганцаараа хийх гээд байгаа юм уу" гэх зэргээр мушгиад байгаа учраас ард түмнээрээ хэлэлцүүлье, явж явж цоо шинэ үндсэн хууль хэрэгтэй юм биш биз, гэхдээ гурван замын аль нэг замыг сонгооч ээ гэж байгаа юм. Тийм учраас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг энэ ажлыг манлайлаасай гэж бид хүсч, дэмжиж байна. УИХ хэлэлцээд, ард түмэндээ өгөөд, ард түмэн санал асуулгаараа "Болно" гэвэл болно гээд, "Болохгүй" гэвэл болохгүй гээд явах хэрэгтэй.
Бид Үндсэн хуулийн төслөө нэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайдад өргөн барьсан. Дараа нь гадаад, дотоодын хүмүүстэй харилцаж, шинжлэх ухааны үндэслэлтэй Үндсэн хууль байх ёстой. Шинжлэх ухаан хаана сайн хөгжсөн байна, хаана ямар улсын Үндсэн хууль сайн байна гэдгийг бид мэднэ. Герман, Япон, Энэтхэг, Швед, Польшийн Үндсэн хууль гэх зэргээр бид сайн судалсан учраас улс орнуудын эрдэмтэдтэй холбогдоно, бид айхгүй. Монголчууд ийм Үндсэн хуулийг боловсруулах оюуны чадалтай болжээ та нартай маргалдъя гэж бодсон.
Хоёрдугаарт, нөгөө Энхбаяр чинь коммунист нийгэм тогтоох нь гэж хэлнэ л дээ. Би тэгж хэлэхээс нь өмнө мэдэж байгаа юм чинь. Би та нартай хрилцсаар байгаад маш сайн мэддэг болчихсон. Тийм учраас Элчин сайдуудад өгчих ёстой байхгүй юу. Коммунист дэглэмтэй, хүний эрхийг дээдэлсэн, хүний эрхийг асуудлын гол болгож тавилаа гэсэн асуудлаар ЭСЯ-даар судлуулъя гээд өгчихвөл гадаадынхан санаа нь зовоод, "Та нар ямар хууль хийх гээд байна вэ, Монголыг хаашаа өгчих гээд байна, юу болох гээд байна" гээд санаа зовно шүү дээ. Гуравдугаарт, энэ ардчилсан тогтолцоо гэдэг чинь өөрөө хамтын бүтээл, нэг хүн ардчилсан тогтолцоог тогтоож чадахгүй учраас Монголыг сайхан яваасай, хөгжүүлээсэй гэж бодож яваа гадаадын улс орнууд туслаасай, дэмжээсэй гэж бодсон. Эцсийн эцэст ард түмэн шийднэ. Бид ард түмэндээ бэлэг болгож энэ Үгнсдэн хуулийн төслийг өргөн барьж байгаа юм.
Би өнөөдөр өмчөө алдлаа, шоронд орлоо. Эрхээ хасууллаа. Сургуульд сурч, эмнэлэгт үзүүлж чдахгүй байна. Үндсэн хуулийн тухай асуудлыг ярих эрхтэй.
1992 оны Үндсэн хуульд 35-аас дээш хувиар өөрчлөлт орж байгаа учраас хуулиараа шинэчилсэн найруулга, шинэ Үндсэн хууль гэж хэлэхээс өөр арга байхгүй.
1992 оноос хойш төр засаг эмхлэн байгуулагдахад Ерөнхий сайдыг яаж УИХ-д оруулж ирж томилуулах вэ гэдэг асуудал ойлгомжгүй байсан учраас маш их хямрал гарч байсан. Тухайлбал, 1998 онд гурван сар болоод огцорсон Ерөнхий сайдын асуудлыг яаж шийдэх талаар Үндсэн хуульд муу туссан байсан учраас 3-7 сар хүртэл Монгол Улсын Засгийн газар эрх зүйн чадамжгүй, түр оршин тогтнож байсан. Тэр үед иргэд Үндсэн хуулиа засаач ээ, төр засагтай болооч ээ, Засгийн газраа байгуулаач гэсэн шаардлага УИХ-д тавьж байсан байхгүй юу.
Над руу зохион байгуулалттай дайрч байгааг ойлгож байна. Би олон жил дайруулсаар байгаад энэ бүхнийг давдаг болсон. Би харин шоронд байгаад, МАНАН-гийн эсрэг, Тавантолгойг та нартаа авч өгөхийн төлөө, улсдаа авч өгөхийн төлөө, "Оюутолгой"-н гэрээг Монголдоо ашигтай авч өгөхийн төлөө, хууль шүүхийн байгууллага хуйвалдаж ажиллаж байгаагийн эсрэг тэмцэж явахдаа би энэ Үндсэн хуулийг үнэхээр намайг алах гэж байхад ч "Би амьд үлдэхийн төлөө ард түмэндээ, жинхэнэ ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан, байгалийн баялгийг нь ард түмэндээ өгсөн, хүний эрхийг дээдэлсэн хараат бус шүүхтэй болгох тийм Үндсэн хуулийг санаа нийлдэг хүмүүстэйгээ хамтран хийх юмсан гэж бодож байсан. Тэр итгэл, хүсэл намайг амьд үлдээсэн. Би телевизийн камер харж байгаад бардам хэлчихье. Ард түмнээс Н.Энхбаяр хэний төлөө зүтгэж ирсэн бэ гэж асуувал ард түмэн "Яах вэ, энэ хүн үхэхээс наадахыг үзсэн" гээд, энэ ганц хоёр хүнд хөтлөгдөхгүй шүү. Ард түмний дийлэнх нь намайг энэний төлөө зүтгэж ирсэн юм шүү гэж хэлнэ шүү.
Намайг боловсрол тэнцэхгүй гээд дэвшүүлэхгүй байгаа юм. Би цаг алдаад яах юм бэ. Намайг нэр дэвшүүлэхгүй байгаа юм чинь шинэ Үндсэн хуулийг чамд хийж өгье л дөө.
Холбоотой мэдээ