Үндэсний дээд лигийн ээлжит тоглолтууд өчигдөр/2023.01.26/ “UG” аренад боллоо.
БАЯНГОЛ ХАРЦАГА 101 – 95 ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ
Плей-оффд орохгүй нь нэгэнт тодорхой болсон Харцага баг өчигдөр Металлыг хожиж, улирлын гурав дахь ялалтаа байгууллаа. Угтаа тус багийн бүрэлдэхүүн муугүй ч дээд лигт туршлагүйдэж, хожих боломжтой цөөнгүй тоглолтоо алдчихсан.
Харцагад улирлын эхэнд нэгдсэн О.Баянбаатар сүүлийн гурван тоглолтдоо 88 оноо аваад байгаа бөгөөд өчигдөр л гэхэд 26 оноо авчээ. Харин тус багийн легионер Жаррон Грамп 30 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн аж. Харцага тоглолтын туршид илүү явж, дөрөвдүгээр үед Металл онооны зөрүүг ойртуулсан ч О.Баянбаатар, Жарран Грамп нар хармаалсан хожлоо алдахыг хүссэнгүй.
Плей-оффд дээгүүр байраар шалгарах зорилготой Металлаас Кристофер Блэйк 22 оноо авсан бол шидэлт сайтай З.Энхтөр 17 оноо, багийн ахлагч Д.Дэлгэрням 14 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.
НАЛАЙХ БИЗОН 83 – 78 ШУТИС ШАРКС
Залуу бүрэлдэхүүнтэй Бизон болон ганц ч легионергүй Шарксын тулаанд Бизон илүүрхэв. Өрсөлдөөнтэй уг тоглолтын ялагч нь эцсийн мөчид тодорсон. Тодруулбал, Бизоны легионер Жорж А.Уиллиамс тоглолтыг шийдсэн гэхэд хилсдэхгүй. Шийдвэрлэх мөчид түүний довтолгоо, алсын зайн шидэлт амжилттай болж, багтаа тэргүүллийг авчирсан. Хэдий Шаркс онооны зөрүүг ойртуулах гэж хичээсэн ч тэдний санасанаар болсонгүй.
Шарксаас Ж.Жамсрандорж 24 оноо авсан бол У.Чингүүн 16 оноо, Б.Хишигбаяр 12 оноо тус тус авчээ. Харин багийн довтолгооны гол сонголтуудын нэг, багийн ахлагч Ж.Оргилболд ердөө гурван оноо авав. Б.Хишигбаяр өчигдөр талбайн бүхий л хэсэгт мэрийлттэй тоглолтыг үзүүлж, багийнхаа тоглолтыг тэнцвэржүүлж байсан ч хожил байгуулахад хангалтгүй байлаа.
Бизоноос оюутны лигт хэдийнэ танигдсан Э.Тулга 25 оноо, Жорж А.Уиллиамс 23 оноо, Жэйлон Робенсон 15 оноо, Ө.Мөнхбаяр 11 оноо тус тус авчээ. Улирлыг тааруу эхлүүлж, Харцагатай хамт хомоол хамж байсан Бизоны залуучууд учраа олж, плей-оффын төлөө дайралтаа эхлүүлжээ.
ЗАВХАН BROTHERS 88 – 97 М ГАРЬД
Багийн гол тоглогч нь бэртлээсээ эргэн ирж, асуудлаа бага багаар шийдэж буй Завхан “Brothers” өчигдөр М Гарьдыг дийлсэнгүй. Тэргүүллээ ээлж дараалан солилцсон маш сонирхолтой тоглолтын төгсгөлд Завханы хамгаалалт унаж, Гарьд ялалт байгуулав.
Малколм Реттийг нутаг буцаасан М Гарьдаас энэ тоглолтод Д.Дөлгөөнмөрөн магтмаар тоглолтыг үзүүлсэн. Түүний бөмбөггүй гүйлт, довтолгооны гүйцэтгэл зэрэг нь багтаа 20 оноо авчирчээ. Мөн Хэмилтон 24 оноо авч багаа тэргүүлсэн бол О.Эрдэнэцогт, М.Тэлмэн нар багийнхаа довтолгоог сайн зохион байгууллаа.
Завханаас нийт таван тоглогч 10 болон түүнээс дээш оноо авсан ч ялалт байгуулж чадсангүй.
Холбоотой мэдээ