Хоёр танхимтай парламент байгуулбал Хойд Солонгос болно!

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Хоёр танхимтай парламент байгуулбал Хойд Солонгос болно!

Хоёр танхимтай парламент байгуулбал Хойд Солонгос болно!

Үндсэн хуулийг төр ард түмний оюуны бүтээл гэлцдэг. Нөгөө талаасаа Үндсэн хууль нь төр ард түмэн хоёрын тоглоомын дүрэм гэх. Аль нь байлаа ч Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтээс ардчилал, тусгаар тогтнол хамаарах нь гол үнэн.  Иймээс Н.Энхбаярын  дэвшүүлсэн шинэ Үндсэн хуулийн төсөл Н.Энхбаярынхаа ширээнд үлдэх, эрх баригчид үүнийг түүний мөрөөдөлд нь үлдээх ч ёстой юм. Учир нь, Н.Энхбаярын “оюуны бүтээл”-ийн гол цөм нь эргээд коммунизм байгуулах тухай тул.

Авторитори дэглэмтэй хоёр гүрний, ард түмнээ айлгадаг хоёр хаантай хоёр хөршийн дунд орших Монгол Улсын амьд явах баталгаа нь ардчилал.  Ардчилал устаж, авторитори дэглэм тогтвол үндэсний аюулгүй байдалд аюул нүүрлэж мэднэ. Н.Энхбаярын “эцэг хууль”-ийг эсэргүүцэх шалтгаан энэ.

Н.Энхбаярын боловсруулсан коммунизм байгуулах төсөлд  “Бүгд найрамдах Монгол Улс болох, парламент нь хоёр танхимтай байх, үүнийгээ Улсын Бага хуралдаа, Үндэсний Их Хуралдай гэж нэрлэх, хамгийн гол нь Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл төвлөрөх тухай, тодруулбал:

16.1. БНМУ-ын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд Дээд хуулийг хүндэтгэн дээдэлж, чандлан баримталж, төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа үл тасалдах байдлыг хангаж ажиллана.

16.2. Ерөнхийлөгч нь Засгийн газрын Тэргүүн байна.

16.3. Ерөнхийлөгч нь БНМУ-ын Бүх цэргийн Ерөнхий удирдагч байна.

16.4. Ерөнхийлөгч нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тэргүүн байна” гэж суулгаж өгчээ. Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах Монгол Улс байгуулах нь Н.Энхбаярын эртний мөрөөдөл байсан. Энэ тухайгаа хоёр жилийн өмнө 2021 онд, МАХН-аа татан буулгаж, МАН-д “дагаар орохдоо” мэдээлж байсан юм.

Н.Энхбаяр нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх ажлын хэсгийг ахлаж буйн хувьд түүний “оюун бүтээл”-ийг эрх баригч намын “захиалга” гэж харах, хардах хүмүүс цөөнгүй. Овоо босгоогүй бол шагширах шаазгай хаанаас олдох билээ.

Н.Энхбаярын боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төслийн тухайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд хэлсэн тайлбар нь “Шинэ Үндсэн хууль бичих захиалгыг МАН, Засгийн газраас өгөөгүй” гэх үг.  Тэгэхээр коммунизм байгуулах нь зөвхөн Н.Энхбаярын мөрөөдөл төдий, гэвчиг иргэдийн дунд чоно борооноор, МАН дүйвэээнээр болчих вий гэсэн айдас бас болгоомжлол ч байна.

Монгол Улс өнгөрсөн 30 жил “эрлийз” засаглалтай явж ирсэн. “Эрлийз” тогтолцооноосоо болоод Ерөнхийлөгч нь “муу нэртэй”,  Засгийн газар нь “луу данстай” хоцордог.  Институци хоорондын энэ мөт зөрчлийг арилгах, тоглоомын дүрмийг тодорхой болгох нь Үндсэн хуульд “гар дүрэх” шалтаг ч, шалтгаан ч болж байна.

Хамгийн гол нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн орилго нь социализм байгуулах уу, эсвэл сонгодог парламентын тогтолцоогоо бэхжүүлэх юм уу. Үндсэн хуулийг өөрчлөх кноп бүхийүнэмлэхүй олонхид тавих ганц асуулт энэ. Н.Энхбаярын хувьд ажлын хэсгийг ахлаж буй болохоос Ардын намын дарга биш.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлнэ, ардчиллаа хамгаална гэж амалдаг, хэлдэг.

Жишээ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчмыг хэвшүүлнэ. Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ” гэж амлаж байсан. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын засаглал нь бидний сонгосон замын найдвартай хөтөч болохыг нэгэнтээ онцолж байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн. Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Тийм учраас сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг” УИХ-ын гишүүд, улс төрийн намуудад уриалж байлаа.  Гэх мэт аюулгүй байдлын гурвын өнгөрсөн хугацаанд өгсөн амлалт нь сонгодог парламентын засаглал. Сонгодог парламентын засаглал гэж Н.Энхбаярын яриад байгаа  хоёр танхимтай парламентыг хэлэхгүй. Түүний төсөл бичигдсэн шиг,

18.6. Засгийн газрын гишүүнийг Улсын Бага Хуралдайтай зөвшилцөн томилох;

18.7. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх;

18.8. Засгийн газрын хуралдааныг даргалах;

18.9. Улсын Бага Хуралдай баталж, Үндэсний Их Хуралдай соёрхон баталсан БНМУ-ын хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээг ёсчлох зэрэг эрхийг Ерөнхийлөгчид өгвөл И.Азизовын тэнэмэл үг биелэлээ олно.

Н.Энхбаярын боловсруулсан эцэг хуулийн төслөөр хоёр танхимтай парламент, Бүгд найрамдах Монгол Улс болно гэвэл Хойд Солонгос болно гэсэн үг. Иргэд ч үүнийг хүсээ гэж үү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж