Дэлхийн агаарын чанарын индексээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо өнөөдөр (2023.01.26) дэлхийд хоёрт жагссан байна. Энэ тухай мэдээллийг УИХ-ын дарга асан З.Энхболд нүүр номдоо оруулж, “Яг одоо агаарын бохирдлоор дэлхийд мөнгөн медальтай явна. 2016 оноос хойш 7 жилд 800 тэрбум төгрөг утаанд зараад үр дүн нь мөнгө зарцуулаагүй үетэйгээ адилхан байдаг, гомдмоор шүү” гэж байр сууриа илэрхийлэв.
Харин түүнтэй “найзалсан” нүүр номынхон “Та ч гэсэн мөнгөн медаль авахад оролцоотой, хэрээ хэрээнийхээ харыг гайхаад яахав”, Утааны түүх 20, 30 жилээр яригдана. Мөнгөн амжилт үзүүлэхэд таны нөлөө багагүй л байх. Хоёр юу, хоёр биенийхээ юуг гайхав гэдэг билээ дээ.” гэж шүүмжлүүлэв.
Хэд хоногийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, "Тавантолгой түлш" компанийн захирал асан М.Ганбаатар “Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс буурна” гэдэг мэдээллийг өгч байсан ч талаар болсон. Учир нь, эрс хүйтэрсэн хоёр хоногт л нийслэлд агаарын бохирдол буурсан дүр зураг харагдсан ч эргээд нэмэгдсэн юм.
Нийслэлийн агаарын чанарын индексийн өнөөдрийн 11:30 цагийн хэмжилтээр таван хэсэгт "Маш их бохирдолтой" гэж гарсан. Тодруулбал, Дамбадаржаад агаарын чанарын индекс 413 байгаа бол Баянхошуу, I хороолол, Шархад, Хайлаастад 500-аас дээш заасан.
РМ10 тоосонцрын хүлцэх хэмжээ 100, РМ2.5 тоосонцрын хүлцэх хэмжээ 50 байдаг. Гэтэл Хайлаастад сүүлийн 24 цагт РМ 2.5 тоосонцор 1,068 хүрсэн нь хүлцэх хэмжээнээс бараг 22 дахин өндөр үзүүлэлт юм.
Судлаачид Улаанбаатар хотыг агаарын бохирдлоос нь салгая гэвэл шахмал түлш нэртэй хорыг зогсоож, атомын цахилгаан станц байгуулах том ажил руу дорвитой хөдлөхгүй бол улсаараа агаарын бохирдолдоо хордсоор хорт хадвартай болцгооно гэж анхааруулах болсон. Мөн нийслэлийн гэр хорооллыг барилгажуулахгүйгээр утаанд тэрбум, тэрбумаар нь зарцуулаад нэмэргүйг ч анхааруулж байгаа. Энэ нь ч долоон жилийн хугацаанд 800 тэрбум төгрөг зарцуулахад агаарын бохирдол буураагүйгээс харж болохоор буй. Хэрвээ 800 тэрбум төгрөгийг гэр хорооллыг барилгажуулахад зарцуулсан бол агаарын бохирдол тодорхой хувиар буурч, 220 мянган яндангаасаа нэлээдийг нь буулгачихсан л сууж байх байсан болов уу.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ