“Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумьж болохгүй”

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

“Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумьж болохгүй”

“Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумьж болохгүй”

Глоб Интернэшнл” төвөөс өнөөдөр /2023.01.26/ “Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн илт тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтийн болон төрийн албан хаагчдын мэдлэг ойлголтыг тандах зорилгоор хийсэн мониторингийн үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудал болон авах арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэ үеэр олон нийтийн анхаарлын төвд буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс байр суурийг сонслоо.

"ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГА ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХУУЛЬ БАТАЛЖ БОЛОХГҮЙ"

Хуульч Б.Наранцэцэгээс тодрууллаа.

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг та бүхэлд нь юу гэж дүгнэж байна вэ. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан хууль болохыг иргэний нийгмийн байгууллага, судлаачид шүүмжилж байгаа шүү дээ. Та хуульч хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би хувь хуульчийнхаа хувьд гэхээс илүүтэй хуулийн фирмийнхээ хийсэн судалгаанд үндэслэж мэдээлэл өгье. Манай баг хоёр жилийн өмнө цар тахлын хууль батлагдахад уг хуулийн төслийг боловсруулах өргөн мэдүүлэх, батлах процесст Хууль тогтоомжийн хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн. Эндээс дүгнэхэд цар тахлын хуулийг “бүтээхдээ” Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй. Ингэж хэрэгжүүлэхгүйн тулд Хууль тогтоомжийн тухай хуульд 20 өдрийн өмнө нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Харин Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь, Хууль тогтоомжийн тухай хууль зөрчсөнөөс гадна, олон нийтээр хэлэлцүүлээгүй баталснаар маш олон хүний эрхийн зөрчил дагуулж байна.

-Тэгэхээр, хууль тогтоогч нар өөрсдөө хууль зөрчиж хууль баталсан гэж ойлголоо?

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлагдах процесст яг л цар тахлын хууль баталсан процесс давтагдсан. Гэхдээ цар тахлын тухай хуулийг батлахдаа хуулийн эдлэх эрхийг зөрчихгүйн тулд 20 өдрийн өмнө нэмэлт өөрчлөлт оруулж баталж байсан бол дээрх хуулийг батлахдаа хууль зөрчсөн. Нэгдүгээрт, хуулийн төсөл боловсруулахдаа олон нийтийн саналыг аваагүй. Олон нийтийн саналыг авахгүй байж болох хуульд заасан хоёр тохиолдол байдаг. Тиймээс олон нийтээс заавал санал авах ёстой байсныг зөрчиж, өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлсэн процесст нэн яаралтай горимоор хэлэлцүүлсэн. Нэн яаралтай хэлэлцүүлэх горимыг хэн оруулсан бэ гэхээр Ерөнхий сайд албан бичгээр, УИХ-ын дарга захирамжаар олгосон. Энэ хоёр захирамжид дурдагдаад буй УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуулийг үндэслээд байгаа заалт бол энэ хуулиар зохицуулж байгаа харилцаа, зорилгод огт хамааралгүй. Нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх захирамжийг олгосон нь хуульд нийцэхгүй байгаа. Хуулийн төслийг боловсруулах, өргөн барих хэлэлцэх үе шатанд Хууль тогтоомжийн тухай хууль зөрчигдсөн учраас энэ процессыг хуульчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл хууль тогтоох байгууллага хууль зөрчиж хууль баталж болохгүй. Мөн гаднын хэвлэлд байр сууриа илэрхийлсэн нь эхнээсээ гарч байна лээ.

"ХҮНИЙ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЗААЛТУУДЫГ ЭРХ БАРИГЧИД ӨӨРСДӨӨ МЭДЭЖ БАЙГАА"

“Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралаас тодрууллаа.

-Судлаач хүнй хувьд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг нийтэд нь юу гэж дүгнэж байна вэ?

-Иргэний нийгмийн байгууллагууд уг хуулийг эсэргүүцэж буй хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, цахим орчинд хүний эрхийг хамгаалах гэдэг нэртэй ч гэсэн гол хууль болоод түүнийг дагалдаж батлагдсан хуулиудад “олон нийтийг хамарсан үйл явдалд харилцааны холбооны сүлжээг таслах” эрхийг олгосон. Энэ заалт нь хүний эрхийг хамгаалахтай яаж уялдаж байгаа нь тодорхойгүй. Энэ мэтчилэн олон үйлдэлд хүний эрхийг зөрчих хууль болсон учраас иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байна. Хоёрдугаарт, хуулийг батлахдаа мөрддөг дэг ёс хуультай. Энийг зөрчсөн үйл явдал боллоо. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоомжийн тухай хуулийг мөрдөөгүй. Хууль мөрдөөгүй гэх үндэслэлээс гадна хуулийг батлах явцад иргэдээр хэлэлцүүлэх ёстой. Оролцогч талуудаас саналыг авах процесс тэр чигтээ орхигдсон. Ер нь энэ жишгээр цаашдаа хууль батлагдаад явбал Монгол Улсад парламенттай, иргэдийг төлөөлдөг УИХ-ын гишүүдтэй гэж ярих нь ямар ч утгагүй санагдаж байна. Эндээс үндэслээд засаглалын хямрал хэрээс хэтэрч байна.

-Хууль нэгэнтээ батлагдчихсан учраас гэж санаа амар суугаад байж болохгүй байх. Цаашид хуулийг хүчингүй болгох талаас нь ямар гарц гаргалгаа байна вэ. Иргэний нийгмийн байгууллагын дуу хоолой ийм асуудалд үгүйлэгдэж байна л даа?

-Хууль батлагдлаа гээд бухимдаад орхих биш энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавих боломж байгаа бол түүнд нь нөлөөлөх, шаардлага тавих ёстой. Ерөнхийлөгч хориг тавихгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн Цэцэд хандах гэх мэтээр нөлөөлж болох бүх зүйлээ хийх ёстой. Үнэхээр болдоггүй юм аа гэхэд сөрөг хүчнээр дамжуулан уг хуулийн төслийг хүчингүй болгох хуулийн төслийг санаачлах хэрэгтэй. Ер нь сүллийн үед хүний эрхийг хязгаарласан хуулиуд маш ихээр батлагдах боллоо. Тэр дундаа Засгийн газраас өргөн баригддаг. Хэрвээ парламент бие даасан институци мөн бол Засгийн газраас оруулж буй хуулиудад хүний эрхийг хангах, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна.

-Эрх баригчдын зүгээс хүүхдийн эрх, хүний эрхийг хамгаалсан хууль боллоо гэж байгаа ч цаанаа иргэдийн үзэл бодлыг хязгаарласан хууль боллоо гэж судлаачид шүүмжилж байна. Үүнтэй та санал нийлэх үү?

-Хуулийг мянга гоё тайлбарлаж болно. Гэхдээ түүнд ямар сөрөг талууд байгаа вэ гэдгээс болгоомжлох хэрэгтэй. Тэр утгаараа иргэн бүрт хамаатай учраас иргэд та бүхэн анхаараад дуу хоолойгоо хүргээрэй. Мөн, “Цогц хөгжлийн бодлогын үндэсний төв”-өөс хэрэгжүүлдэг “United hub” буюу буюу парламентын хяналтыг хэрэгжүүлдэг цахим сайт байгаа. Энэ дээр бид нийтийн өргөдөл санаачилсан. Юу гэхээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сая батлагдсан хууль, түүнийг дагалдан өөрчлөгдөх хуулиудад бүхэлд нь хориг тавиач ээ гэдэг цахим өргөдөл санаачилсан. Өнөөдрийн байдлаар цахимаар 6000 гаруй хүн дэмжиж гарын үсэг зурсан байдалтай байна.

-Уг хуулийн судалгаа тал дээр та юу хэлэх вэ. Олон нийтээр хэлэлцүүлээгүй хууль батлагдсанд иргэд бухимдалтай байна?

-Хуулийг ингэж баталж болохгүй. Энэ нь өөрөө ардчилал руу нулимж буй хэрэг. Эрх мэдэлтэй хүмүүс хуулийг юу ч гэж тайлбарлаж болно. Нэгэнт баталчихсан учраас тэд хамгийн гоёор ярина шүү дээ. Бидний хувьд тэндээс гарч болох эрсдэлийг харж байгаа юм. Хамгийн адгийн нь хүний эрхийг хязгаарлах заалтуудыг эрх баригчид өөрсдөө мэдэж байгаа. Гэхдээ хүүхэд, хүний эрхээр халхавчилж оруулж ирдэг нь байж боломгүй зүйл. Хүний эрхийг хангах нэрээр бидний эрхийг зөрчинө гэдэг нь шугам давсан үйлдэл. Үүнийг бүх нийтээрээ эсэргүүцэж шүүмжлэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмний эрх ашгийг хамгаалагч болохын хувьд хориг тавина гэж найдаж байна.

 

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж