АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийг 2021 оны Капитолын үймээний дараа фэйсбүүк, инстаграмд нэвтрэх эрхгүй болгосон. Тэгвэл түүний хоёр жилийн хоригийн хугацаа дуусч байгааг “Мета” компани зарлалаа.
“Олон нийт улстөрчдийн юу ярьж байгааг сонсох боломжтой байх ёстой. Дональд Трампийн хандах эрхийг түр түдгэлзүүлсэн нь онцгой нөхцөл байдалд гарсан онцгой шийдвэр байсан. Одоо түүний хаяг олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулахаа больсныг шалгалтын явцад тогтоосон” гэж “Мета”-ийн Дэлхийн асуудал эрхэлсэн ерөнхийлөгч Ник Клегг хэлжээ.
Бүгд найрамдах намынхан Дональд Трампийг ирэх онд ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэхээр бэлтгэж байна. Тиймээс түүнийг фэйсбүүкт буцаж оруулахыг шаардсан.
Дональд Трамп өчигдөр /2023.01.25/ “Truth Social” платформ дээр “Та бүхний хайртай ерөнхийлөгчид хориг тавьснаараа фэйсбүүк олон тэрбумыг алдсан. Ийм зүйл одоогийн ерөнхийлөгчид болон хариуцлага хүлээх ёсгүй хэн нэгэнд дахин хэзээ ч тохиолдох ёсгүй” гэж бичжээ.
“Truth Social” платформыг Трамп 2021 он байгуулсан. Тус платформ нь таван сая хүртэл хэрэглэгчтэй боловч эндээс идэвхтэй хэрэглэгч нь хамаагүй цөөн байх магадлалтай. Гэхдээ Трамп “Truth Social” дээр мэдээллийг бусад платформоос зургаан цагийн өмнө нийтлэнэ гэсэн онцгой гэрээтэй байдаг. Тэгэхээр фэйсбүүк юм уу твиттерт мэдээллээ нийтэлбэл түүнийг шүүхэд өгөх магадлалтай гэсэн үг. Трамп онцгой гэрээг үл тоомсорлож, шууд контент нийтэлж эхэлж магадгүй. Эсвэл байнга шүүмжилдэг платформууд руугаа буцаж орохгүй ч байж мэднэ. Ерөнхийлөгчийн сонгуульд дахин хүч үзнэ гэж бодож байгаа л бол тэр дэлхийн хамгийн том цахим платформыг сонгохоос өөр аргагүй болох юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ