Дэлхийн эдийн засгийн богино, дунд хугацааны төлөвт гадаад орчны тодорхой бус байдал сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ, Европын орнуудад үүссэн эрчим хүчний хямрал, БНХАУ-ын “Тэг ковид” бодлого, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр томоохон гүрнүүдийн эдийн засгийн өсөлт 2023-2024 онд удаашрах төлөвтэй байна.
Монгол Улсын хувьд гадаад орчны таагүй нөхцөл байдал үргэлжлэх, төлбөрийн тэнцлийн алдагдал тэлэх, зээл, санхүүжилтийн эх үүсвэр хумигдах нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлнө. Мөн хүнсний үнэ, зардлын шалтгаантай инфляци удаан хугацаанд үргэлжлэх, улмаар хоёр дахь үеийн нөлөөгөөр инфляци өндөр түвшинд хадгалагдах эрсдэл хэвээр байгаа юм.
Гадна, дотнын энэ мэт хүчин зүйлсийн нөлөөгөөр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах үзэгдэл "амь бөх"-тэй байгаа юм. Цаашид үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хэр хөдөлгөөнтэй байх талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.
"ЭДИЙН ЗАСГАА ТӨРӨЛЖҮҮЛЖ ЧАДААГҮЙ НЬ ВАЛЮТЫН ХАНШИЙН СУЛРАЛТЫН ГОЛ ШАЛТГААН"
Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
-Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн ам.доллар, юань, рубльтэй харьцах ханш өнгөрсөн 2022 онд суларсан. Голлон нөлөөлж буй хүчин зүйлс юу байна вэ?
-Төгрөгийн ханш нэлээн суларч байна. Он гарснаас хойш өдөр тутам суларч байна. Үүний гол шалтгаан нь Монгол Улсын эдийн засгийн хүчин чадал сул дорой байгаа явдал. Эдийн засгаа төрөлжүүлж чадаагүйгээс болж Монгол Улсын валютын орох, гарах урсгалын тэнцвэр алдагдсан нь валютын ханшийн сулралтын гол шалтгаан. Гарах урсгал нь өндөр, орох урсгал нь хязгаарлагдмал байгаа учраас валютын ханш нэлээн өсөх хандлагатай. Энэ байдал олон жил үргэлжилж байна. Үүний эсрэг зогсох гол зүйл бол эдийн засгийнхаа хүчин чадлыг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх явдал юм. Богино хугацаанд, өнөөдөр гадаад өрийн нөхцөл байдал нэлээн хүчтэй нөлөөлж байна. Мөн цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт тасарсан. Хэдийгээр экспорт нэмэгдэж байгаа боловч экспортын орлого, бусад мөнгөн урсгалын байдал нэлээн эргэлзээтэй. Манай улсын санд орж ирж байгаа нүүрсний болон бусад орлого валютаар орж ирж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Төгрөгийн ханшийн сулрал гол нь экспортын байдалтай нэлээн холбоотой байна. Үүнээс гадна бид 2022 оны хувьд цар тахлын дараахь нөхцөл байдал руу шилжсэн. Үүнтэй холбоотойгоор эдийн засаг хөдөлгөөнд орж, төрийн болон хувийн хэвшлийн түвшинд валютын гарах урсгал нэлээн нэмэгдсэн. Төлбөрийн тэнцлийн урсгал зардал дээр асар өндөр алдагдалтай байна. Нэгэнт валютын ханш өсч, төгрөгийн өгөөж суларч байгаа учраас хүмүүсийн валют руу хандах хандлага нэмэгдэж, долларжилт бага зэрэг явагдаж байна гэж бодож байна. Долларжилт явагдсанаас болоод төгрөгийн ханш илүү их сулрах нөхцөл байдлыг улам даамжруулна. Юанийн ханш өсч буй нь хил гааль, гадаад худалдааны нөхцөл байдалтай тодорхой хэмжээгээр холбоотой болов уу.
-Цаашид үнийн өсөлтөд голлон нөлөөлж буй зүйл төгрөгийн ханшийн сулралт байх хандлагатай байна. Бодлогын түвшинд энэ чиглэлээр ямар алхам хийвэл зохих вэ?
-Үнийн өсөлт өнгөрсөн оны төгсгөлөөр харьцангуй буурсан байна. Инфляци 13.1 хувьд хүрсэн, гэхдээ энэ бол өндөр инфляци. Бид бүтэн жил гаруй хугацаанд хоёр оронтой тоотой инфляцитай явлаа. Үүнд нөлөөлж буй хоёр үндсэн шалтгаан бий гэж би хувьдаа бодож байна. Нэгдүгээр хүчин зүйл нь төгрөгийн ханшийн сулралт буюу гадаад валютын ханшийн өсөлт гарцаагүй мөн. Учир нь Монгол Улсын эдийн засгийн гадаад орчин, импортоос хамаарах хамаарал өндөр. Тийм учраас бид импортын бараа, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг. Монголбанкны мэдэгдэж буйгаар, инфляцид нөлөөлж буй импортын нөлөө 50 гаруй хувьтай байна гэсэн мэдээ бий. Хоёрдугаар шалтгаан нь, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой мөнгөний нийлүүлэлт. Мөнгөний нийлүүлэлт хийгдсэнээр тодорхой бараа, бүтээгдэхүүний үнэ өсч буй шалтгаан байна. Валютын ханшийн сулралын эсрэг хийх бидний үндсэн ажил валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудал. Бид 2023 онд гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг яаж бүрдүүлэх вэ, казино болон бусад асуудал валютын урсгалыг нэмэгдүүлж чадах уу, аялал жуулчлалын тал дээр бид дорвитой арга хэмжээ авч чадах уу, үгүй юү. Тиймээс нэгдүгээрт, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд авах ёстой. Хоёрдугаарт, нүүрс болон эрдэсийн бүтээгдэхүүний экспортыг яаж өндөр түвшинд хадгалах вэ гэдэг асуудал байгаа юм.
"БИЗНЕС, ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ БАЙДЛААР НҮҮРСЭЭ АХИУХАН ГАРГАХ НЬ БИДЭНД АШИГТАЙ"
Хөрөнгө оруулалтын шинжээч Ц.ЭРДЭНЭДАЛАЙ:
-Өнгөрсөн онд төгрөгийн ханшийн сулралт нэлээн мэдрэгдлээ. ҮСХ-ны мэдээллээр, 2022 онд төгрөгийн ам.доллар, юань, рубльтэй харьцах ханш буурсан байна. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ, Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Бидний тооцоолж буйгаар, 2022 онд ам.доллар төгрөгийн эсрэг 21 хувиар өссөн. Энэ нь харьцангуй өндөр үзүүлэлт. Монголбанкны статистикаар, барагцаагаар 600-гаад төгрөгөөр өссөн байна. Хамгийн том нөлөө гэвэл АНУ-ын бодлогын хүү түүхэнд байхгүй өндөр, 4 гаруй хувьтай гарсан. Хүчирхэг Америкт хүртэл нэг хэсэг инфляци 8 хувь давсан. Сүүлийн үед бага зэрэг буурах төлөвтэй ч өнөөдөр өндөр хэвээр байна. Энэ бол суурь нөхцөл. Тэнд бодлогын хүү өндөр байхад дэлхий даяар ам.доллар АНУ-ыг зүглэнэ гэсэн үг. Монголд банкны хадгаламж 3-хан хувь байна. Байгууллагын хөрөнгө оруулагчид АНУ-ын үнэт цаасыг аваад, 5 хувь авах боломжтой болж байна. Энэ нь ам.долларын суурь хүү. Тэгж байж Монгол Улсын Засгийн газар Азийн бүсээс ганцхан "В" рейтингтэй байж, 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бонд гаргаж чадсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар 8.65 хувийн хүүтэй мөнгө босгож байна гэсэн үг. Санхүүгийн суурь зарчим нь ийм байна.
Дээр нь дэлхий ертөнц өмнө байгаагүй хүндрэл бэрхшээлтэй хэвээр байна. Украины дайн сунжрах төлөвтэй байна. Монгол Улс ОХУ-тай АИ-92 автобензиний хувьд урт хугацаанд тогтвортой гэрээ байгуулж чадсан боловч бусад, ялангуяа дизель түлшний үнэ 2022 онд нэлээн өссөн. Нөлөөлж буй гол зүйл нь дайн. ОХУ-ын дотоодод дизелийн гарц, экспорт нь багассан. Нөгөө талд Хятад Улс “Тэг ковид” бодлогоо огцом бууруулж, Монгол Улсын нүүрс харьцангуй чөлөөтэй гарч байна. Тиймээс одоогийн байдлаар эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байна. Энэ онд 2022 оных шиг “хямрал” үүсэхгүй байх гэж би бодож байна. Гэхдээ дэлхий дахинд түвэгтэй, бэрхшээлтэй нөхцөл байдал хэвээр байгаа учраас ам.долларын ханш тодорхой хэмжээнд өсөх байх.
-Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг тогтвортой байлгах чиглэлээр бодлогын түвшинд ямар арга хэмжээ авбал дээр вэ?
-Ерөөсөө экспорт. Хятадын тавьсан шаардлагыг хангаад, янз бүрийн улс төр гэхгүйгээр, нүүрсээ ахиухан гаргах хэрэгтэй. Нүүрстэй холбоотой дотоодын улс төрийн бухимдал их байна. Хятадын компаниуд түүнд аль болох орохгүй байхыг хүсч байна. Тэд бизнес хийх гэсэн хүмүүс байгаа. Тиймээс бизнес, гадаад худалдааг дэмжих байдлаар нүүрсээ ахиухан гаргах нь бидэнд ашигтай. Хятадын компаниудыг ямар нэг байдлаар шахаад, улс төр оруулаад байвал тэд бизнес хийх сонирхолгүй болно.
-Гадаад валютын албан нөөц өнгөрсөн онд багагүй хэмжээгээр буурсан нь ханш өсөх гол шалтгаан болсон. Энэ жилийн хувьд гадаад валютын албан нөөцөд ямар эерэг хүлээлт байна вэ?
-“Оюутолгой”-н далд уурхай удахгүй үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж байна. Нэгэнт шийдэгдчихсэн учраас улс төр ярихгүйгээр, ам.доллар орж ирнэ гэсэн утгаар аль болохоор экспортыг нь дэмжих хэрэгтэй. “Оюутолгой”, “Тавантолгой”-н экспортыг дэмжсэн бодлогууд тууштай явагдвал гадаад валютын нөөц буцаад 4, 5 руугаа орж сэргэх боломжтой гэж бодож байна.
"ГАДНЫН ВАЛЮТУУД ҮНЭТЭЙ БОЛЖ БУЙН УЛМААС ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРЧ БАЙНА"
СЭЗДС-ийн Экономиксийн тэнхимийн багш, доктор Ц.БАТСҮХ:
-Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өнгөрсөн 2022 онд суларсан. Голлон нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар та юу хэлэх вэ?
–Төгрөгийн ханшийн сулралт хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, дэлхийн аль ч улс орон өндөр инфляцитай байна. Түүнээс шалтгаалж мөнгөний бодлогоо чангалж, бодлогын хүүгээ өндөрсгөж байна. Тэгэхээр гаднын валютууд үнэтэй болж байна гэсэн үг. Энэ байдлаас болоод манайд төгрөг эсрэгээрээ сулраад байгаа юм. Хоёр дахь шалтгаан нь, манай гадаад валютын нөөц ерөнхийдөө 2022 онд багассан нь нөлөөлсөн. Гурав дахь шалтгаан нь, Орос, Украины явуулж буй геополитикийн бодлоготой холбоотой. Өнгөрсөн оны гурав, дөрөвдүгээр сард ОХУ-ын бусад орнуудад тавьсан хоригоос шалтгаалан хил орчмын Улаан-Үд зэрэг хотоос хүмүүс орж ирж, Монгол Улсаас ам.доллар авч сольсон. Энэ нь өнгөрсөн хавар тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Дөрөв дэх гол шалтгаан нь, ам.долларын ханш хурдтай өсч байгаа учраас цаашид ч өсөх байх гэж бодож буй хүлээлтүүд. Төгрөгөө гадаад валют руу хөрвүүлээд байгаа тул долларжилт явагдаж байна гэсэн үг.
-Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай вэ?
-Гадаад валютын ханшийг тогтвортой байлгая гэж үзвэл гадаад валютын нөөцийг ихэсгэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирж буй валютын урсгалыг аль болох ихэсгэх бодлого явуулах хэрэгтэй. Энэ хүрээнд экспортын бүтээгдэхүүнийг ихэсгэх, одоо байгаа экспортын бараа, бүтээгдэхүүнийг аль болох ихээр гаргах, экспортын бүтээгдэхүүнийг бий болгох чиглэлд анхаарах шаардлагатай. Гаднаас орж ирж буй валютын урсгалыг нэмэгдүүлэх нэг арга нь гадаадын хөрөнгө оруулалт. Бодлогын түвшинд тогтвортой нэмэгдүүлэх талаас нь анхаарвал валютын нөөц ихсэх учраас нийлүүлэлтээрээ дамжаад валютын ханш буурна.
Холбоотой мэдээ