Түгжрэл, тэг зогсолт айсуй!

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Түгжрэл, тэг зогсолт айсуй!

Түгжрэл, тэг зогсолт айсуй!

Нийслэлчүүд дөрөв хоногийн дараагаас түгжрэл, тэг зогсолттой нүүр тулах нь ээ. Сурагчдын өвлийн амралт эхэлснээр Улаанбаатар хотод түгжрэл буурч, өглөөдөө ажилдаа ирэхэд 1 цаг гаруйн хугацааг зарцуулсан бол удахгүй 2-3 цаг болж, уртасна.

Нэг үеэ бодвол хүйтний эрч суларсан, нийтийн тээвэр 100 гаруй шинэ автобусаар парк шинэчлэлт хийсэн нь зорчигчид дулаахан тав тухтай зорчих боломж олгосон ч түгжрэлийг бууруулахад нөлөөлж чадахгүй.

Учир нь, түгжрэл саарсан энэ өдрүүдэд ч автобусаа хүлээсэн зорчигчид буудлыг бүчсэн хэвээр байна. Хичээл эхлэхэд энэ тоо улам олон болно. Суудлын жижиг тэргээр хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх эцэг, эхчүүдийн тоо ч нэмэгдэнэ. Нийтийн тээвэр нь хүртээмжгүй, олон цагаар хүлээж байж, зорчих болдог нь сургууль, цэцэрлэгийн багачуудаа хувийн тэргээр зөөвөрлөхөөс аргагүйд хүргэдэг. Түгжрэлд орсон ч машиндаа дулаахан суух нь автобус хүлээж, хүйтэн жаварт хайрагдаж зогссоноос дээр байдаг. Иймээс хот парк шинэчлэлтийг яаралтай хийх шаардлага үүсч буй.

Нөгөө талаас нийтийн тээврийг богино эргэлттэй болгохгүй бол бүх чиглэлийн автобус хотын төв рүүгээ зүтгэдэг нь түгжрэлд улам нэрмээс болж байна. Нийтийн тээврийг богино эргэлттэй болгоход автобус олон байх шаардлага үүсч буй тухай хөндөгддөг ч мөнгөгүйн зовлон тоочдог. Гэвч хэдий болтол нийтийн тээврээсээ хөрөнгө харамлаж, өдөр бүр түгжирч зогсох вэ, зоригтойхон хөрөнгө гаргаад шийдэх шаардлага байна.

Судалгаагаар Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн мэдээлэл бий. 2021 оны байдлаар нийтийн тээврээр 147 сая зорчигч үйлчлүүлжээ.

Мөн Улаанбаатар хотын гол дөрвөн гудамж болох  Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчигч урсгалын ачаалал их байдаг аж. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр 20 чиглэлийн 280 автобус, нийт зорчигчдын 30.6 хувь, Чингисийн  өргөн чөлөөнд есөн чиглэлийн 120 автобус, зорчигчдын 8.6 хувь, Их тойрууд 14 чиглэл 150 автобус, зорчигчдын 6.2 хувь, Нарны замаар  долоон чиглэлийн 70 автобус, зорчигчдын 2.6 хувь нь  тус тус зорчдог байна.

Нийтийн тээврийн хамгийн урт зам нь 72 км, энэ нь хот орчмын чиглэлүүд бол хот дотроо 18-30 км зам туулдаг аж. Иймээс богино эргэлтийг оновчтой болгох шаардлага байгаа юм.

Түгжрэлийг сааруулахын тулд Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийг зорчуулах журмыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй тээврийн хэрэгсэлд нийтийн тээвэр эрхэлж байгаа автобусууд, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси болон “хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийг багтаасан. Гэвч энэ журмыг зөрчигчид олон байна. Тээврийн цагдаагийн газрын мэдээллээр нэгдүгээр сарын 16-22-нд энэ төрлийн зөрчил 12,526 бүртгэгдсэнийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

  • Хурд хэтрүүлсэн зөрчил 949,
  • Үзлэг оношилгоонд ороогүй, тэнцээгүй зөрчил 637,
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 279,
  • Гэрэл дохио зөрчсөн 160,
  • Түр болон удаан зогссон 1,253 зөрчил бүртгэгдсэн байна .

Зөвшөөрөлгүй байж, төв замын нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд 20,000 төгрөгөөр торгодог. Гэвч энэхүү торгууль нь шийтгэл болдоггүй бололтой.

Төв замын нэгдүгээр эгнээгээр чиглэлийн болон зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслээс бусдыг нь зорчуулахгүй болсноор нийтийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 14.4 километр цаг болж, өмнөх үеэсээ 47.9 хувиар өссөн юм. Тодруулж хэлбэл, журмыг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал төв зам дагуух түгжрэлийг сааруулах боломж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж