Жокович, Пол, Циципас, Хачанов нар хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Жокович, Пол, Циципас, Хачанов нар хагас шигшээд шалгарлаа

Жокович, Пол, Циципас, Хачанов нар хагас шигшээд шалгарлаа

Газрын теннисний Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн хагас шигшээд тоглох тамирчид тодорлоо. Тэмцээний гуравдугаарт эрэмблэгдсэн Грекийн Стефанос Циципас шөвгийн наймд Чехийн Жири Лехечкаг 6:3, 7:6, 6:4 ийн харьцаатай хожиж тус тэмцээнд гурван жил дарааллан хагас шигшээд шалгараад байна. Циципас тоглолтын туршид санаачлагыг авч тоглож байсан хэдий ч, эхний хоёр сэтэнд ялалт байгуулаад гуравдахь сэтийн тоглолт явагдаж байх үед нэг оноо алдсандаа уурлан бөмбөгийг хүчтэйгээр хана руу цохих үед түүний бөмбөг нь талбай дээр бөмбөг зөөдөг хүүхдийг бараг л онох шахсан тохиолдол болсон. Хэрэв хүүхдийн биеийг оносон бол тэмцээний дүрмийн дагуу шууд хасагддаг журамтай. Америкийн Нээлттэй тэмцээнд Новак Жокович яг ийм тохиолдлоор тэмцээнээс хасагдаж байсан түүхтэй билээ. Циципасын хагас шигшээ тоглолтын өрсөлдөгч нь ОХУ-ын Карен Хачанов байх юм. 18 дугаарт эрэмблэгдсэн К.Хачанов АНУ-ын тамирчин Себастъян Кордатай учраа таарч 7:6, 6:3 аар хожоод байх үед Корда гэмтлийн улмаас тоглолтоо цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул Хачановт автоматаар ялалтыг өгсөн юм.

Австралийн Нээлттэй тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн Новак Жокович тэмцээний 5 дугаарт эрэмблэгдсэн ОХУ-ын Андрей Рублёвыг 6:1, 6:2, 6:4 ийн харьцаатай төвөггүй хожиж тус тэмцээний хагас шигшээд аравдахь удаагаа шалгараад байна. Статистикээс харахад Жоковичийн хувьд хагас шигшээд шалгарсан тохиолдолд тус тэмцээнд түрүүлдэг уламжлалтай. Түүний хагас шигшээд таарсан учраа нь АНУ-ын Томми Пол юм. Пол нь өмнөх тойрогт өөрийн орны тамирчин Бэн Шэлтоныг 7:6, 6:3, 5:7, 6:4 ийн харьцаагаар хожсон. Пол ийнхүү анх удаа Их дуулгын хагас шигшээд шалгараад байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд 22 дугаарт эрэмблэгдсэн Казахстаны Елена Рыбакина, [24] Беларусын Виктория Азаренкатай өнөөдөр /2023.1.26/ хагас шигшээ шатанд тоглоно. Е.Рыбакина өмнөх шатанд тус тэмцээний гол фаворитын нэг [3] АНУ-ын Жессика Пегүлаг 6:4, 6:1 ээр хожсон бол В.Азаренка өмнөх тойрогтоо Латвийн Елена Остапенког 6:2, 6:4 өөр тус тус хожсон юм.

Тэмцээний 5 дугаарт эрэмблэгдсэн Беларусын Арина Сабаленка өмнөх тойрогт Хорватын Донна Векичийг 6:3, 6:2 ын харьцаатай хожсон бол түүнтэй хагас шигшээд өрсөлдөх Польшийн тамирчин Магда Линетт нь Чехийн Каролина Плишковаг 6:3, 7:5 аар хожиж анх удаа Их дуулгын хагас шигшээд шалгараад байна.

Тэмцээний эмэгтэй финалын тоглолт Улаанбаатарын цагаар нэгдүгээр сарын 28-ны 16:30 цагаас явагдах бол эрэгтэйчүүдийн финалын тоглолт нэгдүгээр сарын 29-ны 16:30 цагаас тус тус явагдана.

Г.Хантулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж