Х.Баттулга ба түүний нөхөд

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Х.Баттулга ба түүний нөхөд

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Ард түмний бухимдлыг төрүүлж буй нүүрсний хулгайчдын жагсаалтын эхэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлэсэн. Түүнийг Хөгжлийн банкийг тоносон гэх луйврын хэрэг, нүүрсний 40 их наядын хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа хууль хяналтынхан мэдээлж буй юм. Тэгвэл түүний ойр дотныхон ч мөн хулгай, тагнуул, хүн амины хэрэгт холбогдож, зарим нь ял шийтгэл эдлэж буй. Ингээд Х.Баттулгатай хамтран ажиллаж байсан хэн, ямар хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг тоймлон хүргэе. 


Н.УДААНЖАРГАЛЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭР ШАЛГАСАН

Авлигатай тэмцэх газраас /2022.11.17/ "Тавантолгой төмөр зам” ХКК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байгаагаа өнгөрсөн онд зарласан юм. Түүний хэрэгт холбогдуулан "Богдхан" төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр хууль, хяналтынхны "овоо, хараанд" орсон даруйдаа гадагшаа оргон, зайлсан байдаг. Түүнийг Монголын хилээр гарсан, буцаж орж ирээгүй болохыг АТГ-аас мэдээлсэн билээ.

НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БУЙ 17 АЛБАН ТУШААЛТНЫ НЭГ Ө.ШИЖИР

Тэрбээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрын даргын албыг нь хашиж байв. АТГ-аас нэрлэсэн нүүрсний хэрэгт шууд ба шууд бусаар холбоотой 17 сэжигтний нэг нь Ө.Шижир. Нүүрсний хэрэг ид дуулиан дэгдээхээс өмнө түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт гадагшаа зугатсан гэх мэдээлэл ч бий.  Одоогоор Монголд ирсэн гэх мэдээлэл алга. Ямар ч байсан түүнд хилийн хориг тавиагүй болохоо АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох мэдээлсэн агаад хэдийгээр "сэжигтнүүд" гадагшаа зугатсан ч хэргийг нь мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэв.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХАМГИЙН ТОМ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИЙН НЭГ Ц.УУГАНБАЯР

Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчийн нэг нь  “Нью Яармаг хаусинг прожект" компани. Тус компани 2015 онд  хороолол барихаар 145 тэрбум төгрөгийн зээл авснаас 59 тэрбумыг нь эргүүлэн төлж, өдгөө 117 тэрбумын өртэй үлдсэн. Хөгжлийн банкийг "луйвардсан" гэх  тус компанийн гүйцэтгэх захирал нь Х.Баттулгын туслах Ц.Ууганбаяр юм.

Түүнийг хууль, шүүхийнхэн өнгөрсөн хавар баривчилж, хэсэг саатуулж байгаад сулласан байдаг. Тэрбээр 14 жил Х.Баттулгын туслах хийсэн,  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө  Канадын “Доминион вөүтинг системс” гэх компанид хар машин худалдаж авах захиалга өгсөн нь илэрч, багагүй дуулиан тарьж байсан удаатай.

“Нью Яармаг хаусинг прожект"-ийн авсан энэхүү өрийг нь хэн төлөх нь өнөөдөр ч тодорхойгүй 2019 онд Хөгжлийн банк энэ асуудлаар шүүхэдсэн ч, шүүх илтэд тус компанийн талд үйлчилсэн нь эхардлага дагуулж буй.  Ц.Ууганбаяр нь нээлттэй сонсголд дуудагдахдаа "Х.Баттулгаас болж олон залуус битгий хохироосой. Х.Баттулга Ерөнхийлөгч, сайд байсан нь хамаагүй мэдүүлэг өгөх хэрэгтэй" гэсэн тайлбар өгсөн бий.

Г.БАЙГАЛМААГИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан, Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнийг  мөнгө угаах, хуурамч баримт бичиг үйлдэх, ашигласан гэж Эрүүгийн хуулийн 18.6-1, 23.2-1 дэх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна. "Пирамид-Орд” компани Хөгжлийн банкнаас зээл авахад МоАХ-ын газрыг барьцаанд тавих зөвшөөрөл олгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг Г.Байгалмаа нь   дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэрэгт холбогдон ийнхүү шүүхийн хаалга татахад хүрсэн.

Өнгөрсөн долоо хоногт болсон  Хөгжлийн банкны зээлийн нээлттэй сонсголд"Пирамид орд" ХХК-ийн зээлтэй холбоотойгоор тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон, барилгын ерөнхий гүйцэтгэгч "Бесон" ХХК-ийн захирал Д.Батжаргал, нягтлан Ц.Хонгормаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, түүний гарын үсгийг дууриалгасан гэх Г.Байгалмаа нарыг гэрчээр дууджээ.  Ерөнхийлөгч асан Х.Баттулга "намын дотоод сонгуультай", "АТГ-т гэрчээр мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаанд гарын үсэг зурсан учир сонсголд ирэх боломжгүй" гэх тайлбар хэлж "зугатсан" байдаг.  Харин Г.Байгалмаа нь "эмнэлэгт хэвтсэн" гэх шалтгаанаар ирээгүй юм.  Тэгвэл уг гарын үсэг Х.Баттулгынх мөн болохыг шинжээч нар нотолсон байдаг.

ХҮН АМИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Б.МАХБАЛД Х.БАТТУЛГА УУЧЛАЛТ ҮЗҮҮЛЭВ

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан тушаалаа булаацалдаж, архидан согтуурч байгааг нэгнийхээ амийг хөнөөсөн харамсалтай хэрэг 2018 онд гарч байсан юм. Тодруулбал, ЗТХЯ-ны  Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Ц.Гомбосүрэнгийн амийг  Төрийн тусгай удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ч.Махбал зодож хөнөөсөн хэрэг олны цочирдуулж байлаа. Ч.Махбал нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүрээллийн хүн, үүгээрээ яамандаа багагүй аархдаг байсан гэх.  Х.Баттулгыг салбарынх нь сайд байхалд Ч.Махбал яаманд нь газрын даргаар ажиллаж байсан, экс Ерөнхийлөгчтэй их тахимдуу харилцаатай гэдгийг улс төрийн хүрээнийхэн ч баталдаг. Шүүхээс түүний хэргийг 11 удаа буцааж, цаг хожсоны эцэст 11жилийн ял оноосон.  Харин Х.Баттулга Ерөнхийлөгчөөсөө буухаас хэдхэн хоногийн өмнө Ч.Махбалд уучлал үзүүлж, түүний эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцох зарлиг гаргасан нь олны дургүйцлийг хүргэж байсан юм.

Б.БАТЗАЯАГ УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙЛАА

Х.Баттулгын бие хамгаалагчаас шууд Төрийн нарийн бичгийн дарга болтлоо томорсон хүн бол Б.Батзаяа. Тэрбээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр хууль, шүүхийн хаалга татаж шоронд хүртэл суусан.  Тухайн үед Х.Баттулга, А.Гансүх, БНСУ-ын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нар төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан нь шалгалтаар тогтоогдсон гэх мэдээлэл цацагдсан. Харамсалтай нь, Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа уг хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг.

ПРОКУРОРООС Х.БАТТУЛГА, Ч.ГАНБАТ НАРЫН ГУРВАН ХҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ БАЙВ

Төмөр замын авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг Ч.Ганбат. Төмөр замын авлига, хулгайн хэргийн мөрөөр хуулийнхан мөрдөн шалгаг ажиллагааг эхлүүлэхтэй зэрэгцээд  "Монголын төмөр зам"-ын дэд даргаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнийн хамт гадагшаа зугатсан байдаг.  Тэднийг олон улсад интерполоор эрэн сурвалжилж байсан боловч Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа хэрэг замхарч, тэдний нэрийг интерполоос хасуулсан байдаг.

Н.ТҮВШИНБАЯРТ 16 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООСОН

Олимпийн аварга Н.Түвшинбаяр нь экс Ерөнхийлөгчийн амины, хуурай дүү нь байсныг улсаараа мэднэ. Түүндийг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоход  Х.Баттулга нөлөөлсөн гэгддэг. Тэгвэл олимпийн аварга Н.Түвшинбаяр хүний амины онц ноцтой хэргээр шоронд хоригдож байна.  Тэрбээр багын найз, улсын начин Э.Энхбатын амийг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэгт шүүхээс /2022.06.09/ Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Шүүх Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг, нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм.

Ц.ХУЛАНГ НЭГ САР ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг тагнуулын байгууллагаас 461 дүгээр хорих ангид 48 цаг саатуулсан. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг /2023.01.19/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, түр хойшлуулсан. Татгалзлыг Ерөнхий шүүгч хүлээж аваагүй шүүх хурал нь /2023.01.20/болж, түүний нэг сар хорихоор болсон.

Энэхүү баривчилгааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэхдээ "Энэ асуудлаар ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдсон. Яруу найрагч Ц.Хуланг баривчилсан асуудлыг тодруулахад манай харъяаллын хэрэг дээр шалгах шаардлага үүссэн тул баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн" гэв.  Түүнийг 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилж байв.

Монголчууд сайныг дагавал сарны гэрэл гэдэг. Үнэндээ Х.Баттулгатай нэр, мөр холбогдсон бүхэн өнөөдөр хууль, шүүхийн хаалга татсаар байна.  Түүнд хүний нөөц байдаггүй, хулгайчийн нөөц бий гэдэг хатуу ч гэсэн үнэн үг ажгуу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж