Сурвалжлага: Сүрьеэгийн диспансерыг түр хуучин байранд шилжүүлсэн

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Сүрьеэгийн диспансерыг түр хуучин байранд шилжүүлсэн

Сурвалжлага: Сүрьеэгийн диспансерыг түр хуучин байранд шилжүүлсэн

Баянзүрх дүүрэгт байрлах энэ жижигхэн ногоон байшин бол сүрьеэгээр өвдсөн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төв. Олон нийтийн сүлжээнд иргэдийн шүүмжлэлд өртсөн даруйд албаныхан дүүргийн зөвлөх поликлиникийн арын хаалгаар ордог хэсгээ суллаж, сүрьеэгийн диспансераа оруулжээ.

Гаднаасаа гэр хорооллын айлын байшин шиг харагдана. Энэ байшинг өмнө нь өрхийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж байжээ. Байшингийн арын хэсэгт байрлуулсан БЗД-ийн сүрьеэгийн диспансерын төв гэдэг хаягаа авч, үүдэндээ "Сүрьеэгийн диспансер поликлиник рүү нүүсэн. Баянзүрх нэгдсэн эмнэлгийн урд, хойш харсан хаалгаар орно" гэдэг бичиг наасан байлаа.

Хаалгыг тогшиж орвол нэг эмэгтэй "Сүрьеэгийн диспансер өнгөрсөн долоо хоногт дүүргийн зөвлөх поликлиник рүү нүүсэн. Энд иргэдэд үйлчлэхгүй байгаа" хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзав.

Тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хуучин сүрьеэгийн диспансерийн байрыг буулгаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн давхар стандарт хангасан сүрьеэгийн диспансерийн байртай болохоор зорин ажиллаж байгаа. Барилгын явц улирлын чанартай түр зогссон. Иргэдийн эмчилгээ хяналтыг таслахгүй явуулах зорилготой түр байрлаж байгаа байрын ар талаас нь дарсан зураг байна.

Үүнээс илүү нөхцөл байрлалтай газар түр байрлах боломж байсан боловч иргэдийн эсэргүүцлийн улмаар энд түр байрлах болсон. Бид бүгд өдөр тутмын үйл ажиллагаандаа илүү анхаарч ажиллах болно. Иргэд та бүхэн түр зуурын нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг хүсье гэдэг тайлбар хаджээ_

"Намайг сүрьеэ өвчнөөр өвдөөд, шинжилгээ өгч байхад БЗД-ийн эмнэлгийн баруун хойно тавдугаар хорооны хойд талд байсан. Цэцэрлэгийн хойно тавдугаар хорооны байр яг хойно нь байдаг. 2010 оны аравдугаар сард шинжилгээ өгөхөд эерэг хариу гарч, шууд "Энэрэл" эмнэлэгт зургаан сар хэвтэн эмчлүүлж, 2011 оны дөрөвдүгээр сард эрүүл болж эмнэлгээс гарсан. Уг энэ том байшинд бүхэлд нь байрлаж байсан. Одоо ийм жижигхэн байшин болсон байна" гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн иргэн ярив.

ИРЭХ НАМАР СҮРЬЕЭГИЙН ДИСПАНСЕРЫН ШИНЭ БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны байрны дэргэд гурван давхар барилгын суурийг босгосон байлаа. Хашааны нүүрэн хэсэгт Эрүүл мэндийн яамны захиалгаар "Шилдээд" компани гүйцэтгэж, нийгмийн эрүүл мэндийн төвийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэх танилцуулгыг байрлуулсан байлаа.

Тендер зарлагдсаны дараахан цар тахал, хил гаалийн асуудалтай холбоотойгоор аравдугаар сард барилгын ажил эхэлсэн.

Одоо бохир, цэвэр усны шугам сүлжээ, цахилгаанаа татаж, зоорийн давхартайгаа нийлээд гурван давхрын карказ боссон. Барилгын ажил улирлын чанартай түр зогссон. Барилгын компанийн зүгээс 2023 оны намар барилгыг хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа гэнэ.

Энэ талаар албаныхнаас тодруулсан юм.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦОЛБОР БАРИХААР 3.2 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ

БЗД-ийн эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний дарга Ш.Мөнхцэцэг:

-Сүрьеэгийн тусламж үйлчилгээ нь нийгмийн халдварт өвчин учраас бусад эмнэлгийн үйлчилгээтэй хамт байж болохгүй. Сүрьеэгийн диспансер төвөөр үйлчлүүлэх иргэн өөрөө эрсдэл өндөртэй. Тавдугаар хорооны байрны дэргэд өмнө нь 1998 онд анх өрхийн эмнэлгийн зориулалтаар барьсан насжилт өндөртэй барилгад сүрьеэгийн диспансер байрлаж байсан.  Тиймээс 2022 оны наймдугаар сард шинэ цогцолбор барилга барих яамны шийдвэр гарч, хуучин байрыг нь нураасан. Суурин дээр нь 2022 оны аравдугаар сард дөрвөн давхар шинэ барилгын ажлыг эхлүүлсэн.

Эрүүл мэндийн яамны захиалгаар сүрьеэ, ДОХ, сэтгэц гэсэн ниймийн эрүүл мэндийн цогцолбор байгуулахаар улсаас 3.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Хуучин өрхийн эрүүл мэндийн төвөөр ашигладаг байсан байранд түр байж байгаад он гарахаас өмнө дулаахан байр руу шилжүүлэхээр төлөвлөж байсан. Дүүргийн зөвлөх поликлиникийн арын хаалгаар ордог хэсгийг суллахад тодорхой хэмжээний хугацаа шаардсан. Нэгдүгээр сарын эхээр байрыг нь чөлөөлж, сүрьеэгийн диспансерыг оруулсан. Одоо тэнд манай төвийн салбар байгаа. Гэхдээ иргэдэд үйлчлэхгүй, захиргааны нэгж хэсэг орсон" гэв.

284 ХҮН СҮРЬЕЭГИЙН ХЯНАЛТАД БАЙЖ, ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙГАА

Баянзүрх дүүргийн 16 хорооны өрхийн эмнэлэг шинэ хоёр давхар жишиг барилга руу нүүж, тус хорооны байранд сүрьеэгийн диспансерыг шилжүүлье гэхэд иргэд "Энэ хавьд сүрьеэтэй хүмүүсийг хүлээж авахгүй" гэж эсэргүүцжээ. Тиймээс дүүргийн Засаг даргын Тамгын газартайгаа хэлэлцэж, арга буюу хуучин байшинд түр шилжсэн гэдэг тайлбарыг албаныхан өгсөн юм.

Тус дүүргийн Эрүүл мэндийн төв нь дөрвөн хэсгээс бүрдэж, дүүргийнхээ нийт 383 мянган хүн амд үйлчилдэг байна. Тэр дунд 284 хүн сүрьеэгийн хяналтад байж, эмчилгээ хийлгэж байгаа аж.

Сүрьеэгийн диспансерт нийт 12 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилладаг байна. Тэд дүүргийн салбар амбулатори нэг дээр, нөгөө хэсэг нь иргэдийн шүүмжилж буй сүрьеэгийн диспансерын байранд ажилладаг. Амбулатори дээр олон эмэнд дасал болсон буюу хүндэрсэн иргэдийг хүлээн авдаг бол ногоон байшинд шинээр оношлогдож байгаа юм уу, халдваргүй болсон хүмүүс очиж, эмээ авдаг байна. Халдвартай хүмүүсийг ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлдэг гэв.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж