Америкчууд технологийн хүчирхийллийн эсрэг

Хуучирсан мэдээ: 2023.01.26-нд нийтлэгдсэн

Америкчууд технологийн хүчирхийллийн эсрэг

Америкчууд технологийн хүчирхийллийн эсрэг

Америкийн технологийн салбар бол энэ дэлхий дээр хамгийн шинэлэгт тооцогдоно. Гэхдээ технологи хүн төрөлхтөнд, тэр дундаа бидний үр хүүхдүүдэд ямар эрсдэлтэй талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Wall Street Journal” сэтгүүлд ярьжээ. Тэрбээр технологийн томоохон компаниудад хариуцлага тооцохын тулд Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан нэгдэж, хоёр намын хамссан хүчтэй хууль тогтоомжийг батлах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. “Wall Street Journal” сэтгүүлд нийтлэгдсэн Жо Байдены нийтлэлийг доор хүргэе. 

Технологийн салбарын ачаар бий болсон зүйлсээр, энд өдөр бүр авъяас чадвараа зориулан ажиллаж буй хүн бүрээр би бахархаж байна. Гэхдээ бусад америк хүний нэгэн адил би ч бас энэ салбар хэрхэн бидний хамгийн нууц мэдээллийг цуглуулж, хуваалцаж, ашиглаж, цаашлаад хэт туйлшралыг гүнзгийрүүлж, эдийн засгийн талбарыг аль нэг тал руу нь хэлбийлгэж, эмэгтэйчүүд, цөөнхийн эрхийг зөрчиж, хүүхдүүдийг маань эрсдэлд оруулаад байна вэ гэдэгт санаа зовж байна. 

Манай засгийн газар хууль ёсны эрх мэдлийнхээ дагуу дээрх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тиймээс би Ардчилсан болон Бүгд найрамдах намын гишүүдийг томоохон технологийн компаниудад хариуцлага тооцохын тулд хоёр намын хамтарсан хүчтэй хууль тогтоомж батлахыг уриалж байна. 

Энгийн америк хүмүүст томоохон технологи ямар эрсдэл учруулж байгаа нь ойлгомжтой. Томоохон технологийн компаниуд бидний худалдаж авсан зүйлсээс, өдөр тутам зочилдог цахим хуудсуудаас, очдог газруудаас, хамгийн гол нь бидний хүүхдүүдээс бидний талаар асар их мэдээлэл цуглуулж авдаг. Сая сая залуу хүн дээрэлхэлт, хүчирхийлэл, хүүхэд насны айдас, сэтгэцийн эрүүл мэндтэй тэмцэж байна. Цахим сүлжээний компаниуд ашиг хонжооны төлөө бидний хүүхдүүд дээр туршилт хийж байгаа тул бид хариуцлага хүлээлгэх ёстой. 

Хэрэглэгчийг өөрийн платформдоо тогтоож үлдэхийн тулд ийм компаниуд хувийн мэдээллийг хэт туйлширсан контент руу чиглүүлж ашигладаг. Ингэснээр залуучууд өнөөх л платформ руугаа ахин дахин хандсаар, нэвтэрсээр байдаг. Эмгэнэлтэй хүчирхийллүүд бараг ихэнх нь цахим сүлжээтэй холбогдож байна. Цахим сүлжээ болон бусад платформ нь цахим хулгай, хүүхдийн бэлгийн мөлжлөг, насанд хүрэгчдэд зориулсан бичлэг, кино, хар тамхины худалдаа зэрэг хүчирхийлэл, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг зөвшөөрдөг. Гэсэн атлаа өрхийн жижиг бизнесүүдийг платформоосоо гадуурхан, хүнд байдалд оруулж, хэт өндөр төлбөр ногдуулж байна. Энэ нь тэдний өрсөлдөж, өсөх чадварт саад болж, улмаар инновацыг боомилж байна. 

Дээр дурдсан минь технологийн компаниудад хариуцлага тооцох хууль гаргахыг шаардаж буй шалтгаануудын минь зөвхөн нэг хэсэг. Би ерөнхийлөгчийн албан тушаалыг авснаасаа хойш шинэчлэлийн гурван үндсэн зарчмыг баримталж ажилласан. 

Нэгдүгээрт, бидэнд америк хүний хувийн нууцыг хамгаалах холбооны хамгаалалт хэрэгтэй байна. Ингэснээр компаниуд таны интернетийн түүх, хувийн харилцаа холбоо, байршил, эрүүл мэнд, удамшил, биометрийн мэдээлэл зэрэг маш нууц хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, цааш хуваалцахад тодорхой зааг хязгаартай болох юм. Компаниуд ямар мэдээлэл цуглуулж байгаагаа ил тод зарлах нь хангалтгүй. Угтаа бол эдгээр мэдээллийн ихэнхийг нь тэд олж авах ёсгүй юм. Энэ хамгаалалт нь цахим орчинд эмзэг байдаг залуу хүмүүст илүү хүчтэй байх ёстой. Бид зорилтот сурталчилгааг хязгаарлаж, тэр дундаа хүүхдэд зориулсан сурталчилгааг бүхэлд нь хориглох ёстой. 

Хоёрдугаарт, томоохон технологийн компаниуд өөрсдийн тараасан агуулга, ашигладаг алгоритмын төлөө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Тийм ч учраас би Харилцаа холбооны зохистой байдлын тухай хуулийн 230 дугаар хэсгийг үндсээр нь шинэчлэх ёстой гэж эртнээс хэлж байна. Энэ хууль байгаа учир технологийн компаниуд өөрсдийн нийтэлсэн агуулгын төлөөх хуулийн хариуцлагаас хамгаалуулж чаддаг. Мөн эмэгтэйчүүд болон цөөнхийг ялгаварлан гадуурхаж, боломжоос нь хумсалдаг байдлыг зогсоох, сэтгэцийн эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлсэн агуулгыг хүүхдэд хүргэхийг зогсоохын тулд технологийн компаниудын ашиглаж буй алгоритмуудыг илүү ил тод болгох хэрэгтэй. 

Гуравдугаарт, технологийн салбарт илүү их өрсөлдөөн хэрэгтэй байна. 2021 оны долдугаар сард гаргасан захирамжийн дагуу эдийн засгийн бүхий л салбарт өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр ажлууд хийгдсэн. Дахиад бидний хийж чадах зүйл олон бий. Технологийн компаниудыг томроод ирэхээр хүмүүс өөрсдийн бүтээгдэхүүнээ тэнд сурталчлах арга замыг хайж, өрсөлдөгчөө баалах, сулруулах арга хэрэглэдэг. АНУ-ын эдийн засгийг жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрхийн бизнес эрхлэгчид гэх мэт хүн бүр хамгийн том компаниудтай ижил талбарт өрсөлдөх боломжтой тийм эдийн засаг байгаасай гэж би хүсдэг. Энэ алсын харааг бодохын сацуу хамгийн сүүлийн үеийн инновациар тэргүүлдэг байя гэвэл бидэнд шударга дүрэм хэрэгтэй. Агуу компаниудын ирээдүй хойчид боломж олдохоос нь өмнө тэднийг боомилж болохгүй. 

Дээрх зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд манай засгийн газар хоёр жил хуулийн дагуу шаргуу ажилласан. Бид арилжааны мэдээллийн нууцлалын шинэ дүрмийг боловсруулж байна. Бид алгоритмын ялгаварлан гадуурхалттай тэмцэж байгаа бөгөөд шилдэг туршлагуудыг нэвтрүүлж байна. Цахим аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихаар гадаадын болон дотоодын түншүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд саяхан монополийн эсрэг хэрэгжүүлэгч нарт багагүй санхүүжилт олголоо. Ингэж байж тэд технологийн салбарын шинэ сорилтуудыг үргэлжлүүлэн даван туулах болно. 

Гэхдээ бидний эрх мэдэлд хязгаар бий. Технологийн компаниудыг хариуцлагатай байлгахын тулд бид Конгресстой хамтран ажиллах шаардлагатай. Хороо байгуулах тухай яриаг их олон удаа сонслоо. Одоо ямар нэг зүйл хийх цаг нь иржээ. Шинэ Конгресст санал нийлэхгүй бодлогын олон асуудал байх болно. Гэхдээ  хувийн нууц болон хүүхдүүдээ хамгаалах, ялгаварлан гадуурхалт, бэлгийн мөлжлөг, цахим тандалтаас урьдчилан сэргийлэх, шударга өрсөлдөөний эсрэг үйлдлийг арилгахад чиглэсэн бидний үйл ажиллагаа салангид байж болохгүй. Үнэт зүйлсийнхээ ард нэгдэж, хамтаараа аливаа ажлын ард гарч чаддаг гэдгээ ард иргэддээ харуулах цаг нь болжээ. 

Эх сурвалж: WSJ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж