Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас өгсөн мэдээллээр энэ онд 39.2 тэрбум төгрөгийн төсөв агаарын бохирдлыг бууруулахад тусгагдсан байна. Энэ нь сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөлт гэсэн зардлуудад тусгагджээ. Өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагааны урсгал зардлууд аж.
Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах, арилгах гол арга зам бол гэр хорооллыг айл өрхүүдийн хатуу түлш хэрэглээг бүрэн зогсоох, улмаар орон сууцжуулах. Мөн автотээврээс үүдэлтэй бохирдлыг бууруулах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай. Ирэх жилүүдэд гэр хорооллын айл өрхийн бүсэд орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус паркын шинэчлэлт зэрэг богино болон дунд хугацааны ажлууд хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг нийслэлээс онцлов.
Мөн хэдхэн хоногийн өмнө агаарын чанарын мэдээлэл гаргадаг “agaar.mn” сайтын домэйн хаягийн хугацаа дууссан бол үүнийг шинэчилсэн гэх мэдээллийг өглөө.
Агаарын чанарыг индексээр олон нийтэд мэдээлэх нь олон улсад хэрэгждэг арга хэмжээ. Агаарын чанарын нэг суурин харуул дээр агаар бохирдуулагч 4-5 төрлийн бодисыг хэмжиж байна. Улмаар бохирдуулагч бодис тус бүрээр тайлбарлахад ойлгомжгүй байдаг тул тухайн суурин харуулын цэг дээр хэмжигдэж байгаа бодисын хамгийн өндөр үзүүлэлтийг индексээр тооцоолон иргэдэд өнгөөр ялган харуулах нь ойлгомжтой байдаг байна. Тиймээс аппликейшн болон сайтуудаар дамжуулж иргэдэд мэдээллийг өгдөг болохыг онцолсон.
Агаарын чанарын индекс нь 30 минут тутам шинэчлэгдэж байдаг бөгөөд иргэд олон нийт тухайн индексээр дамжуулан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах боломжийг бүрдүүлдэг онцлогтой байна.
Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хяналтын доор түүхий нүүрс хэрэглэж байгаа бөгөөд цаашид усан халаалтын зуухнуудыг үе шаттайгаар түүхий нүүрсний хэрэглээг бууруулахаар ажиллаж байгааг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ