Цар тахлын жилүүдэд олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлаад байсан бол өнгөрсөн жилээс эхэлж хөл хориог сулруулсан. Ингэснээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээг арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд зохион байгуулсан. Гэвч тус соёлын арга хэмжээний төсвийн задаргааны мэдээлэл цахим хуудаст гарч, иргэдийн дургүйцлийг төрүүлж буй. Тодруулбал, зөвхөн гацуурын шилмүүсийг төмөр каркасанд зүүж угсрах ажилд 135 сая төгрөг, сүлд модонд нэг тоглоом өлгөхөд нэг ширхэг нь 4650 төгрөг, нийт 18,6 сая төгрөг төсөвлөжээ.
Төсвийн задаргаанаас иргэдийн анхаарлыг ихээр татаж байгаа мөнгөн дүн бол сүлд модны оройн таван хошууг угсрах зарцуулсан 15 сая 174 мянган төгрөг.
Тиймээс тус урлагийн арга хэмжээг зохион байгуулсан Нийслэлийн Соёл урлагийн газраас төсөвтэй холбоотой мэдээллийг тодрууллаа.
Нийслэлийн Соёл урлагийн газрын мэргэжилтний өгсөн мэдээллээр "Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Соёл урлагийн газар нь урлаг, уран бүтээлээр дамжуулж соёлыг түгээн дэлгэрүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Шинэ жилийн арга хэмжээтэй холбоотой төсвийн мэдээлэл манайд хамааралгүй. Тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн захирамж дээр үндэслэж Хот тохижилт, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, Гэрэлтүүлэг чимэглэл ХХК зэрэг 10 гаруй байгууллага ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулсан. Цагдаа хэв журмыг сахиулах, онцгой байдлын хэлтэс осол гарах тохиолдлыг харгалзаж бүгд үүргийнхээ хүрээнд ажилласан.
Манай байгууллагын хувьд уран бүтээлчдийг тухайн тайзан дээр үзүүлбэрээ үзүүлэх боломжийг бүрдүүлж, олон нийтэд дамжуулах процесс дээр л ажилласан.
"Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээг 2004 оноос хойш нийслэлээс зохион байгуулж байгаа. Нийслэлийн соёл урлагийн газар тухайн төсвийн хүрээнд гацуур угсарсан асуудал огт байхгүй. Нийслэлээс ажлын хэсэгт төсөв гаргаж өгч түүний хүрээнд хариуцсан компани нэгжүүд үүрэгт ажлаа гүйцэтгэдэг.
Өөрөөр хэлбэл цахим хуудаст тавьсан "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээний задаргаа хэсэг дэх гацуурын зардал манай байгууллагад тусгагдаагүй. Ажил гүйцэтгэсэн компанид л хамааралтай асуудал.
Олон газраас холбогдож тодруулах хүсэлт өгч байгаа. Тус төсвийн задаргаа нь нийт 3-4 хуудас бөгөөд олон нийтийн сүлжээнд зөвхөн эхний нүүр хэсгийг авч тавьсан байсан. Тиймээс ажил гүйцэтгэсэн байгууллагаас холбогдох мэдээллийг асуух нь зүйтэй" гэв.
ТАЛБАЙН ГАЦУУРЫГ "ГЭРЭЛТҮҮЛЭГ ЧИМЭГЛЭЛ" ХХК УГСАРЧЭЭ
Ямартай ч арга хэмжээг зохион байгуулсан нэгжээс асуухад тус төсөвт тусгасан гацуур угсралтын зардал Нийслэлийн соёл урлагийн газрын мэдлийнх биш аж. Тиймээс бид угсралтыг ямар компани хийсэн болохыг мөн тодруулж, дараах мэдээллийг авлаа.
"Гэрэлтүүлэг чимэглэл" ХХК баярын өдрүүдэд төв талбайг чимсэн сүрлэг гацуурыг угсарсан байна. Тус компани нь гудамж талбай, барилгын гадна гэрэлтүүлэг, LED хаяган гэрэл, реклам чимэглэл, неон гэрэлтүүлэг, гадна фасадны прожектор, гудамж талбай байшингийн гадна гэрэлтүүлгийн ажил, фасадны гэрэлтүүлгийн ажил, тусгай зориулалтын шаттай авто машины үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ компани нь улсын өмчит компани бөгөөд гэрэлтүүлгээс гадна бүх нийтийн баяр ёслолын арга хэмжээний үеэр үүргийнхээ хүрээнд зарим ажлыг хийж гүйцэтгэдэг аж.
Тус компанитай холбогдоход "Гацуурыг угсарсан нь үнэн. Шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэргээс харгалзаж төсөв батлагдсан. Гэхдээ ерөнхий захирал орон нутагт ажлаар явж байгаа учраас нийт хэчнээн төгрөгний төсөв авсан талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Захирлаас авах боломжтой. Гацуурын оройг 15 сая төгрөгөөр угсарсан нь бол үнэн" гэх тайлбарыг өглөө.
Цахим хуудаст тавигдсан төсвийн задаргааны мэдээлэл нь үнэн бөгөөд төв талбайд шинэ оныг угтаж зассан гацуур болон түүний чимэглэлд нийт 395 сая төгрөгийг нийслэлээс төсөвлөсөн байна. Гэхдээ энэ бол урлаг соёлын арга хэмжээ огт ороогүй үнэ юм. Угсралтын ажлыг гүйцэтгэгч компанийн хувьд 2017 оноос хойш төрийн худалдан авах ажиллагаанд оролцож эхэлсэн байна.