Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хаан III Чарльз 1981 онд Диана Спенсертай гэр бүл болсон. Гэвч 1994 онд тэрбээр Камилла Паркер-Боулзтай гэр бүлээс гадуур харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, Дианатай гэр бүлээ 1996 онд цуцалсан юм. Ард түмний гүнж Дианагийн гэрлэлтийг үгүй хийсэнд өнөөдрийг хүртэл буруутгагддаг Камиллаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа танилцуулж байна.
Камилла бол Чарльзын насны хайр, дотны найз бас 17 жил ханилсан эхнэр нь. Чарльз хаан ширээнд сууснаар тэрбээр өдгөө хааны эхнэр болсон. Энэ хүртэл туулж ирсэн амьдрал нь амаргүй байсныг тэрбээр хожим дурсчээ. Олон нийт Камиллаг хувь хүний талаас нь огт мэдэхгүй ч зууны гэж нэрлэгдсэн гэрлэлтийг салгасан "нөгөө эмэгтэй" гэдгээр нь илүү таньдаг байв. Үүгээр ч зогсохгүй түүнийг Уэльсийн гүнж Дианнатай үргэлж харьцуулдаг. Чарльзыг хайрласныхаа төлөө олон жил хэвлэлээр баалуулсаар ирсэн. Гэсэн ч Камилла шуургыг аажмаар намжааж, хааны гэр бүлийн хамгийн ахмад эмэгтэй байр сууриа бэхжүүлж чаджээ.
Ирээдүйн хааны эхнэр Камилла Рөүзмэри Шанд 1947 оны долдугаар сард төрсөн. Түүний гэр бүл хааны удамтай харьцуулагдахгүй ч дээдсийн хүрээлэлд багтсан чинээлэг, нөлөө бүхий гэр бүл байв. Камиллагийн бага нас Чарльзынхаас тэс ондоо байв. Чарльзын эцэг, эх нь үргэлж албан ёсны үйл ажиллагаа, гадаад томилолтоор эзгүй байдаг байжээ. Харин Камиллагийн эцэг эх нь түүний хажууд үргэлж байдаг байжээ. Тэрбээр Сассекс дахь үзэсгэлэнт гэр бүлийн эдлэнд ах, эгчтэйгээ тоглож, ойр дотно, хайраар дүүрэн орчинд өссөн. Эцэг Брюс Шанд нь тэтгэвэртээ гарсан армийн офицер бөгөөд орой бүр унтахад нь үлгэр уншиж өгдөг халамжтай нэгэн байжээ.
Камилла Швейцарьд сургуулиа төгссөний дараа Лондонд буцаж ирээд 1960-аад оны дунд үед Эндрю Паркер Боулз гэх морин цэргийн офицертой салж нийлсэн харилцаатай удаан явсан байна.
Чарльз, Камилла нарын гэрлэлт хоёул бүтэлгүйтсэнээр тэд улам нэгэндээ ойртсоор байв. Улмаар 1989 онд нууцаар дууг нь хураасан утасны яриа нь дөрвөн жилийн дараа нийтэд цацагдсанаар харилцаа нь нийтэд ил болсон.
Камилла 1995 онд нөхрөөсөө салсан бол дараа жил нь Чарльз, Диана нар гэрлэлтээ цуцалсан. Ийнхүү Камилла эцэст нь Чарльзтай хамт байх зоригтой болсон аж. Тухайн үед тэрбээр гэр бүл, нийгэм, тэр тусмаа хүү, охин хоёроо эсэргүүцлийг ч үл тоон Чарльзыг сонгожээ. Гэвч 1997 онд Дианаг ослоор нас барсны дараа Камиллаг үзэн ядсан сэтгэгдэл, шүүмжлэлийг даван туулахад хамгийн хүнд байжээ. Тухайн үед Чарльз хоёр хүүдээ гол анхаарлаа хандуулж, Камилла олны нүднээс нуугдсан аж. Энэ хүнд үед ч тэдний харилцаа үргэлжилсээр байв. Чарльзын зүрх сэтгэлд Камилла ямар ч эргэлзээгүй байр суурийг эзэлдэг байсан нь үүнээс харагдана. Тэд 1999 онд Ритц зочид буудалд Камиллагийн эгчийн 50 насны ойг тэмдэглэснээр дахин хамтдаа олны өмнө гарч иржээ. Үүнээс зургаан жилийн дараа Виндсорд цөөн хүрээлэл дунд Камилла, Чарльз нар гэрлэсэн байна.
Камилла эцэст нь Чарльзтай гэрлэсэн ч ирээдүйд хатан болох хэргэм нь маргаантай явж ирсэн. Хууль ёсоор түүний хэргэм нь "хунтайжийн эхнэр" гэсэн байдаг. Маргааныг 2022 онд хатан хаан II Элизабета эцэслэж, Камиллаг хатан биш "хааны хатан" гэж албан ёсоор нэрлэхийг зарласан байна.
Камиллаг Чарльзын хоёр хүү ч хүлээн зөвшөөрсөн аж. Тухайлбал, ханхүү Харри 2005 онд Камиллаг эцгийг нь аз жаргалтай болгосон "гайхалтай эмэгтэй" гэж ярьсан байдаг. Камилла, Чарльз нарыг гэрлэх үед Харри 21 нас хүрсэн байжээ. Харин хунтайж Уильямын тухайд Камиллагийн талаар тэр бүр ярьдаггүй боловч олон нийтийн арга хэмжээний үеэрх тэдний биеийн хэлэмж, дууны өнгөөс нь найрсаг, дотно байдал ажиглагддаг байна.
Өдгөө 70 гарсан Камилла гэр бүл, нөхрөө дэмжихэд бүх анхаарлаа хандуулдаг гэнэ. Хэдийнэ таван хүүхдийн эмээ Камилла олны хараанаас далд амрахын тулд үе үе Уилтшир дэх гэртээ очдог аж. Камиллагийн хувьд эмээ, ээжийнх нь удаан хугацаанд шаналсан ясны сийрэгжилт өвчний эсрэг олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх кампанит ажилд идэвхтэй оролцож өөрийн гэсэн ул мөрийг үлдээжээ. Мөн гэр бүл, бэлгийн хүчирхийлэл зэрэг асуудалд өөрийн дуу хоолойгоо илэрхийлдэг. Хааны гэр бүлд хожуу орж ирсэн учраас Камилла бага зэрэг бишүүрхсэн хандлагатай байдаг ч хүн бүртэй найрсаг харилцдаг талаар түүнтэй уулзсан хүмүүс ярьдаг байна.
Холбоотой мэдээ