УБТЗ нь нийгмийн хариуцлагын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангалт, нүүрс тээврийг бүрэн хариуцдаг бөгөөд Улаанбаатар хот, төвийн бүсийн эрчим хүчний нийт хэрэглээний 70 хувь УБТЗ-аас шууд хамааралтай байдаг юм. Өнгөрсөн долоо хоногт Багануурын нүүрсний уурхай 1561 вагоны захиалга ирүүлснээс 2063 вагоноор хангаж, 1564 вагонд ачилт хийгээд байна. Шивээ-Овоогийн уурхай 1092 вагоны захиалга ирүүлнээс 1399 вагоноор хангажээ. Харин Шарын голын уурхай 637 вагон захиалга ирүүлснээс 780 вагоноор хангасан байна.
Улаанбаатар хотод суурьшлийн бүсүүд нэмэгдэхийн хэрээр нийслэлийн цахилгаан, дулааны хэрэглээ өсөх болсон. Үүнийг дагаад ДЦС-уудын нүүрсний татан авалт ч нэмэгдсэн. Сүүлийн гурван жилийн дүнг харвал, 2020 онд УБТЗ Шарын гол, Багануур, Шивээ-Овоо уурхайдаас ДЦС-ууд руу нийт 101207 вагоноор 6.697.680 тонн нүүрс тээвэрлэжээ.
Тэгвэл 2021 онд 106135 вагоноор нийт 7.025.801 тонн нүүрс, 2022 онд 113212 вагоноор 7.477.957 тонн нүүрс тээвэрлэжээ.