Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр/2023.01.25/ мэдээлэл хийлээ.
-Шинэ Үндсэн хуулийн эсвэл хоёр танхим руу шилжих асуудал эрдэм шинжилгээний хурал, чуулган дээр хөндөгдсөн. Зөвлөлдөх зөвлөлийн хувьд энэ дээр маш нухацтай хандаж, олон янзын томъёолол гарч, санал хураасан. Үүний үр дүнд ардчилсан Үндсэн хуулийг халж, шинэ Үндсэн хуулийг батлах гэсэн завсарын томъёолол байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэр хасагдсан гэдгийг өмнө нь хэлсэн. 1992 оны Үндсэн хууль бол ардчилсан Үндсэн хууль. Хүний эрхийг дээдэлсэн, төрийн эрх мэдлийг хуваарилж, хянах тэнцлийг хангасан хууль. Ч.Чимэд багшийн хэлснээр алганд багтсан Монгол Улсыг бүхэлд нь үгүйсгэх, халаад шинээр батлах зүйл хууль зүйн хувьд ч бусад зүйлээр ч байх боломжгүй. Үндсэн хуулиар зөвхөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн өөрийнх нь үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын хүрээнд тэрийг нь тодруулсан тодруулга л хийх боломжийг олгосон. Тиймээс манай Зөвлөлдөх зөвлөл хуульдаа захирагдан ажиллаж байгаа. Байнгын хороо ч Үндсэн хуулийг хянаж үзэх асуудлыг эргэж ярилц гэсэн чиглэлийг өгсөн.
Ингэж явсаар бид шинэ Үндсэн хуулийг батлах агуулгаар асуулт оруулаагүй. Тодорхой асуудлууд дээр нь шинэчилсэн найруулга, өөрчлөлт байх уу гэдэг ганц л асуулт байгаа.
Цаана нь шинэ Үндсэн хууль гэсэн утга ерөөсөө байхгүй. Нийт асуултын нэг хувь ч хүрэхгүй нь Үндсэн хууль гэсэн үг орсон асуулт байгаа. Энэ санал асуулгын ердийн санал асуулга биш. Иргэд гүн гүнзгий мэдээлэлгүй учир өнгөц дүгнэх эрсдэлтэй. Түүврийн аргаар сонгогдсон хүмүүсийн тал нь төрийн ордонд чуулж, экспертын үгийг сонсоно. Ингээд дахиад санал авна. 1500 орчим хүнд тэнцвэртэй мэдээлэл өгнө. Санал аваад шууд асуудлууд шийдэгдэхгүй. Зөвлөлдөх зөвлөл зөвлөмж гаргаад УИХ-д хүргүүлнэ. УИХ цаашаа яахаа шийднэ.
-Үндэсний статистикийн хороо туршилт хийгээд асуултын үг үсэг найруулгыг хянаж, хоёрдмол шинжгүй хувилбарыг бидэнд ирүүлсэн. Бид бүтэн өдөр хуралдаж, эцэслэн батлаад редакцлаад хүргүүлсэн. Асуулгад шинэ Үндсэн хууль гэсэн томъёолол байсан. Статистикийн хороо болон Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн саналаар найруулгыг эргэн харахдаа шинэ Үндсэн хууль гэдэг агуулгыг шинэчилсэн найруулга гэдэг агуулгатайгаар томъёолсон. Хоёр танхимтай парламент гэдэг үг ороогүй. Эхний асуулгын дараа 50 хүртэлх хувийг нь хуулийн дагуу өөрсдийнх нь зөвшөөрлөөр хоёр дахь асуулгад оролцуулна. Урилга хүлээн авсан хүмүүс төрийн ордонд хүрэлцэн ирж, 6-7 сэдвийн хүрээнд мэдээлэл сонсоод 15 хүний баг үүсгээд бүтэн өдөр хоорондоо ярилцана. Үүний дараа дахин цуглаад асууж тодруулах зүйлээ асууна. Ингэсний дараа анхдугаар санал асуулгаар авсан асуултаар дахин санал авна. Ингээд боловсруулаад санал дүгнэлт бүхий тайланг Зөвлөлдөх зөвлөл хүлээн авна.
-Зөвлөлдөх зөвлөл 2022 оны УИХ-аас баталсан 80 дугаар тогтоолын дагуу нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг шийдэхийн тулд иргэдийн санал бодлыг сонсч, зөвлөмж боловсруулна. Зөвхөн нийгэм, эдийн засгийн асуудал. Ямар ч улс төр, шинэ Үндсэн хууль байхгүй. Тиймээс би өөрөө өргөдлөө өгч, ажиллаж байгаа. Бид нар ямар асуулт орсон бэ гэдгийг хэлж болохгүй. Хамгийн энгийн асуулт нь залуучууд юунд бухимдаж байсан бэ гэдгийг тайлах асуулт байгаа. Гадаадад байгаа иргэд сонгуулиа өгөх боломж байна уу гэх мэт асуултыг оруулсан байгаа.
Холбоотой мэдээ