Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарын зургаан хүнийг өнгөрсөн 2021 оны долдугаар сард АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчлаад, сулласан.
Тэгвэл эдгээр албан тушаалтны заримд хэрэг үүсгэж, Замын-Үүд дэх сум дундын шүүхээс хэргийг дөрвөн өдөр хэлэлцэж, гэм буруутайд тооцон шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Уранбаяр, С.Саруул, А.Хатансайхан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, Х.Уранбаяр, С.Саруул нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, нэр бүхий 13 иргэнийг нийтийн албан тушаалтан Х.Саруул, С.Уранбаяр нарт хахууль өгсөн гэм буруутайд тооцсон байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Х.Уранбаярт нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих ял, С.Саруулд нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил хорих ял, А.Хатансайханд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, найман сая төгрөгөөр торгох ял, Ц.Сүглэгмааг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, зургаан сая төгрөгөөр торгох ял тус, тус оногдууллаа.
Харин "хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 12 иргэнд, тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан хүн тус бүрийг нийтийн албанд томилогдох эрх хасах 2-8 жилийн хугацаагаар, торгох 3-16 сая төгрөгөөр ялаар шийтгэжээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй АТГ, ЦЕГ-ын ажлын хэсэг /2021.07.06/ Замын-Үүд суманд ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргаж байв. Тухайн үед Х.Нямбаатар "Төрийн албанд тогтсон хүнд суртлыг арилгах, замын үүдийн мафитай Засгийн газар хатуу тэмцэнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байна. Одоогийн байдлаар зургаан хүнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ч цаашид энэ тоо хэд болж өсөхийг таашгүй. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүдтэй холбоотой ажлуудын хөрөнгө мөнгө шийдэгдсэн. Харин одоо хэн энд авлигалын уурхайг бий болгосонг тогтоож, хуулийн дагуу хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Энэ үеэр албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж байв. Тодруулбал,
- Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг,
- Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг,
- Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, З.Намхайнямбууг хилийн 0108 дугаар ангийн захирагчаар,
- Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, түүний оронд НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулах,
- Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилох,
- Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга н.Сүхбаатарыг Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар
- Замын-Үүд боомт дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Уранбаярыг тус тус чөлөөлсөн юм.
Холбоотой мэдээ