Японы ерөнхий сайд Фүмио Кишида энэ долоо хоногт залууст хандан олон хүүхэдтэй болохыг хатуу анхааруулжээ. Олон нийтэд эелдэг дүр төрхөөрөө танигдсан Кишида ийнхүү ширүүн мэдэгдэл хийсэн нь Японд тулгарч буй хүн ам зүйн хямралын тод тусгал юм. Тэрбээр Даваа гаригт парламентад 45 минут илтгэл тавьсан.
“Олон хүүхэдтэй болоорой. Эс тэгвээс эх орноо дисфункцын гүн рүү чирэх эрсдэлтэй. Бид цаашдаа энгийн нийгэм шиг ажиллах боломжтой эсэхдээ тулаад байна” гэж тэр хэлжээ.
Япон улсад төрөлтийн тоо өнгөрсөн онд 800 мянгаас доош буурсан. Сүүлийн жилүүдэд тус улсын хүн ам тасралтгүй буурчээ. Энэ маягаар хүн амын тоо буурсаар байвал 2065 он гэхэд одоогийн 125 сая хүн 88 сая болох төлөвтэй байна. Төрөлтийн түвшин буюу хүн амыг тогтвортой байлгахад шаардагдах тоо Японд 1.3 байна. Энэ тоо 2.1 байж гэмээнэ хэвийн үзүүлэлтэд орох юм.
Гэвч япон залууст Кишидагийн уриалга таалагдаагүй бололтой. Төрөлтийн түвшинг нэмэгдүүлэхэд тулгарч буй бүтцийн саад бэрхшээлийг арилгах бодлого түүний илтгэлд дурдагдаагүй. Үүний оронд тэр хүүхэд, гэр бүлийн шинэ агентлагийн удирдсан хүүхдийн төлөөх нийгэм эдийн засгийн талаар ярьжээ. Тус улсад хүүхэдтэй гэр бүлүүд эдийн засгийн хүнд дарамт дор байдаг. “Сургуулийн төлбөр зэргээс болж хүмүүс олон хүүхэдтэй болж чадахгүй байгаа. Хүүхдийн мөнгө тустай байдаг ч эдийн засгийн ялгааг үндсээр нь засахад хангалтгүй” гэж нэгэн иргэн хэлжээ.
Эх сурвалж: THE GUARDIAN